Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2026-07-08
Сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол”-нд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар санал солилцлоо

2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол”-ны хүнсний ханган нийлүүлэлтийн асуудлаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Нийслэлийн төрийн өмчит 158 сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлагатай байгаа юм.

Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын төлөөлөл болон Монголын Хүнсчдийн холбоо, Мах боловсруулах үйлдвэрийн холбоо, Махны холбоо, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хэлэхдээ, нийслэлийн ерөнхий боловсролын 158 сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж байгааг онцоллоо. Эдгээр сургуулийн 72 хувь нь хоол үйлдвэрлэлээ дотооддоо зохион байгуулдаг бол 28 хувийнх нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээг түрээсийн аж ахуйн нэгж эрхэлдэг байна.

Тэрбээр “2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн үдийн хоолонд чанартай, найдвартай мах, махан бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэхийг зорьж байна. ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн хоолны зардал 2500 төгрөг бөгөөд нэг хүүхэд 60-80 грамм мах хэрэглэх ёстой. Зардлаа тооцоход махнаас бусад шим тэжээл болох сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимсний хэрэглээ хумигдах нөхцөл үүсэж байна. Тиймээс мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран шийдэл гаргаж, хүүхдийн үдийн хоолонд эрүүл, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлагатай” гэлээ.

Мөн уулзалтын үеэр хүүхдийн үдийн хоолонд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, гурил, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон бусад бүтээгдэхүүний зохист харьцааг мөрдөх, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг түлхүү оролцуулах талаар хэлэлцэв.

Мах боловсруулах үйлдвэрийн холбооны тэргүүн Д.Оюунтуяа “Боловсруулах үйлдвэрүүд бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой. Нэгдүгээрт, сайн зохион байгуулалт хэрэгтэй. Хоёрдугаарт, сургуулийн хүүхдийн үдийн хоолны хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой дэмжлэг шаардлагатай” гэв.

“Траст трейд” ХХК-ийн захирал Р.Сансармаа “Бид үйлдвэрийн аргаар боловсруулсан, олон улсын стандартын шаардлага хангасан хүнсийг нийлүүлэхэд бэлэн байна. Татварын тал дээр дэмжлэг хэрэгтэй. Нийслэлийн зүгээс бүтээгдэхүүний техникийн шаардлагаа нарийвчлан боловсруулж, аж ахуйн нэгжүүдэд хүргэвэл нийлүүлэлт хийх боломжтой” гэлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ