
Монгол хэлний багш нарын баруун бүсийн зөвлөгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн төлөөлөл, аймгуудын Боловсролын газрын төлөөлөл зэрэг нийт 160 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөний үеэр монгол хэл, бичиг, уран зохиолын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн хөгжил болон монгол хүүхдийн эх хэлний боловсролд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Зөвлөгөөний үр дүнд монгол хэл, бичиг, уран зохиолын боловсролын чанар, хүртээмж, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмжийг нэгтгэж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшийн хөгжил, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн болон хүүхдийн эх хэлний орчныг цогцоор нь дэмжих чиглэлээр нэгдсэн санал, зөвлөмж боловсрууллаа.
Тус зөвлөгөөн нь сургуулийн өмнөх болон бага боловсролын багш нар, монгол хэл, уран зохиолын багш, арга зүйчдийн хамтын оролцоонд тулгуурлан эх хэлний боловсролд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санал, шийдэл боловсруулахад чухал ач холбогдолтой юм.
