
Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Шанхайн Зам тээврийн их сургуулийн Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга Ян Жэньбин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол, Хятадын боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, их, дээд сургуулиудын түншлэлийг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцов.
Уулзалтын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Шанхайн Зам тээврийн их сургууль хамтран хил дамнасан тээвэр, ухаалаг тоног төхөөрөмжийн чиглэлээр “Бүс ба Зам” хамтарсан судалгаа, инновацын төв байгуулахаар тохиролцлоо.
Мөн оюутан солилцоог идэвхжүүлж, 2+2 хөтөлбөр болон хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлэхээр болов.
Түүнчлэн дэлхийн нэр хүндтэй эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад урьж ажиллуулах, залуу судлаачдыг солилцох, судалгааны үр дүнг үйлдвэрлэлтэй уялдуулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.
Шанхайн Зам тээврийн их сургууль нь “Times Higher Education 2026” чансаагаар дэлхийд 40 дүгээр байранд жагсдаг бөгөөд судалгааны чадавх, инженер, технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч сургуулиудын нэг юм.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын их, дээд сургуулиудыг дэлхийн шилдэг сургуулиудтай холбох, инженер, технологийн өндөр ур чадвартай хүний нөөц бэлтгэхэд энэхүү хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.