
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Франкфуртын номын яармагийн захирал Юрген Боосыг хүлээн авч уулзан, Монгол Улс болон Франкфуртын номын яармагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын ном, хэвлэлийн салбарыг олон улсын түвшинд сурталчлах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар Монголын зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, дотоодын ном хэвлэлийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцсан байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, ойлгон унших чадварыг хөгжүүлэх нь боловсролын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Тэрбээр цахим хэрэглээ эрчимтэй өсөж, хүүхдийн суралцах орчин өөрчлөгдөж буй өнөө үед эх хэлээрээ сэтгэх, мэдээллийг ойлгон боловсруулах чадварыг хөгжүүлэхэд ном, хэвлэлийн салбарын үүрэг улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэв.
Мөн хүүхдийн номын зохиолчдын ур чадварыг дээшлүүлэх, монгол хүүхдийн нас, сэтгэхүй, соёлын онцлогт нийцсэн дотоодын зохиолчдын бүтээлийг нэмэгдүүлэх, чанартай хүүхдийн номын хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.