
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун болон холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь биечлэн танилцлаа.
Ажлын хэсэг Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндий болон Эмээлт өртөө хүртэлх трассын дагуу ажлын явцыг нэг бүрчлэн шалгав.
Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэхэд чиглэсэн тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.
-Багахангай-2 өртөөнд хийгдэж буй балласт буулгалтын явцыг эрчимжүүлж, зөөвөрлөлт хийх вагоны тоог нэмэгдүүлэх
-Төмөр замын дээд бүтцийн угсралтын ажлыг одоогийн эрчээр нь тогтвортой үргэлжлүүлэх
-Трассын 00-87 дахь километрт хийгдэж буй долоон цэг дэх ухмал тэлэх ажлыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө дуусгахыг даалгав.
“Монголын төмөр зам” ТӨХК-иас хэрэгжүүлж буй тус төслийн бүтээн байгуулалт хуваарийн дагуу амжилттай үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэл дараах шаттай байна.
-Нэгдүгээр шат (00-87 км): Газар шорооны ажлын нийт гүйцэтгэл 99.3 хувьд хүрч, доод бүтэц үндсэндээ дууссан бөгөөд замын дээд бүтцийн угсралтын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй
-Хоёрдугаар шат (87-102 км): Трассын газар шорооны ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 43 хувьтай үргэлжилж байна.
-Дараагийн шат (102 км-ээс Эмээлт хүртэл): Тус чиглэлийн газар шорооны ажлыг эхлүүлэх бэлтгэл бүрэн хангагдлаа
-Улаанбаатар хотыг тойрсон тээвэр, логистикийн зангилаа болох "Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалт анх 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор эхэлж байсан юм. Тус төмөр замын шугам ашиглалтад орсноор Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг үндэсний төмөр замын сүлжээнд холбож, нийслэлийн авто замын ачаалал, ачаа тээврийн төвлөрлийг сааруулахад стратегийн өндөр ач холбогдол үзүүлэх юм.
