
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвлийн бэлтгэл, машин техник, давс, бодисын бэлэн байдлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл шалгалаа.
Нийслэлийн хэмжээнд энэ өвөл 10300 тонн давс, 10200 тонн бодис нөөцөлнө. 2025-2026 оны өвөл 6200 тонн бодис, 6800 тонн давс зарцуулсан тул энэ жилийн нөөц хангалттай гэж тооцоолж байна.
Өнөөдрийн байдлаар давс, бодисын нөөц бүрдүүлэх ажил 80 хувьтай бөгөөд үлдсэн 20 хувийн бодис, давсны худалдан авалтыг нийслэл, дүүрэг, ТҮК-иудаас зохион байгуулж буй.
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага ажилладаг. 2026-2027 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах хүрээнд аравдугаар сарын 14-ний өдрөөс бүх тохижилт үйлчилгээний компанид хяналт, шалгалт хийж, цэвэрлэгээ, үйлчилгээний чанар, хүний нөөц, машин техник, автобаазын хүчин чадлыг сайжруулсан байна.

"Охь Мандал" ХХК нь 2015 оноос нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж, уламжлалт гар аргаар болон орчин үеийн тусгай зориулалтын шүүрдэгч авто машинаар хослуулан үйлчилгээ үзүүлдэг. “Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан “Машин, техник, түлш, хувцас, багаж хэрэгслийн бэлэн байдлаа хангаж, 10 тонн давс тээвэрлэх хүчин чадалтай Солонгос улсын “Хово” машинаар давс, бодисын цацалт хийж байна. Давс, бодисын нөөц бэлэн” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх тохижилт үйлчилгээний компанийг өвөлжилтийн бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.







