Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
4 цаг 29 мин
Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө нар өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа.

Тус ажлын хэсэг нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн өнөөгийн нөхцөл байдал тулгамдаж буй асуудлыг судлах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан бол Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Баярболд нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн хууль, эрх зүйн орчин, салбарын бодлого, үйл ажиллагааны мэдээллийг өгөв.

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүний хөгжлийн үзүүлэлтийг дээшлүүлэх зорилгоор 28 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн товлолт дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх, вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчний тохиолдлыг бууруулахаар ажиллаж байна.

2026 оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд товлолт дархлаажуулалтын 19 төрлийн тунгаар дархлаажуулах ёстой 253,953 хүүхдээс 242,017 нь хамрагдаж, хамрагдалтын дундаж 95.3 хувьд хүрсэн. Харин хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг дархлаажуулалтад хамрагдах 11 насны 40,377 хүүхдээс 28,283 нь хамрагдаж, хамрагдалт 70 хувь болсон. Уг үзүүлэлтийг оны эцэс гэхэд 90 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа гэв.

Түүнчлэн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах түвшнийг нэмэгдүүлэх, сүрьеэ, тэмбүү болон хорт хавдрын өвчлөлийг бууруулах, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Энэ хүрээнд хорт хавдар, тэр дундаа умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг болон дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт гуравдугаар улирлын байдлаар дунджаар 89.9 хувьтай байгаа аж.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө эрүүл мэндийн салбарын бодлого, шийдвэрийн үр дүн богино хугацаанд илэрдэггүйг дурдаад, хэрэгжүүлж буй арга хэмжээ анхан шатны тусламж, үйлчилгээ авч буй иргэдэд бодитоор хүрч байгаа эсэхэд анхаарах шаардлагатай гэв.

Ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар нийгмийн эрүүл мэндийн чиглэлд онцгойлон анхаарч, төсөв, төлөвлөлтөд урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодитой тусгах шаардлагатайг онцлов. Тэрбээр өвчилсний дараа эмчлэхээс илүүтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэн, ажлын хэсгийн гишүүдэд холбогдох үүрэг, чиглэл өглөө.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ