
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-т ажиллалаа.
Энэ үеэр удирдлагууд нь байгууллагынхаа чиг үүрэг, санхүү, эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлэл өгч, үйл ажиллагаанд нь тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлэв.
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” (ЭХЭЗХ) нь олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагийн заримаас дурдвал:
- Эрчим хүчний салбарын хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичгийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах
- Эрчим хүчний салбарын стандарт, нормативын баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах
- Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программ хангамж ашиглан хийх
- Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний таац, бодлогын төлөвлөгөө боловсруулах
- Эрчим хүчний баланс тооцох
- Салбарын хөрөнгө оруулалтын үр ашгийг урьдчилан тооцох, оновчлох
- Салбарын үйл ажиллагаанд мөрдөгдөх стандарт, нормативын баримт бичиг, техникийн зохицуулалтыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах

Энэ хүрээнд ЭХЭЗХ нь Монгол Улсын түлш, эрчим хүчний нийлүүлэлт, балансыг тодорхойлох тооцоо, судалгаа, 2040-2050 он хүртэлх эрчим хүчний таацыг тодорхойлох урт хугацааны төлөвлөлт, ногоон устөрөгчийн технологи ашиглах бодлогын судалгаа зэргийг хийж гүйцэтгэжээ. 67 жилийн түүхтэй тус хүрээлэнд ихээхэн хэмжээний архив, судалгааны бүтээл бий бөгөөд цаашдын бодлого, төлөвлөлтөд зориулан суурь өгөгдлүүдийг ашиглах, дата бааз бүрдүүлэх боломжтой гэж байлаа. Монгол Улсын цахилгаан дамжуулах шугам сүлжээний зураг төслийн 70 гаруй хувийг боловсруулсан ЭХЭЗХ нь Япон, БНСУ, БНХАУ зэрэг орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг болон бусад байгууллагатай хамтран ажилладаг байна.

Сүүлийн 26 жилд тус байгууллагад салбарын сайд ирж ажиллаж буй хоёр дахь тохиолдол нь энэ гэдгийг ЭХЭЗХ-гийнхэн хэлээд, төсвөөс хөрөнгө авалгүй, санхүүгийн нөөц боломждоо тулгуурлан үйл ажиллагаа явуулж ирсэн ч хүндрэлүүд тулгарч байгааг хэлж байлаа. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяа тус хүрээлэн орлогоо эрдэм шинжилгээ судалгааны ажил, зураг төсөл боловсруулах, зохиогчийн хяналт тавих, эрчим хүчний барилга угсралтын ажилд ногдох нормчлолын төлбөрөөс бүрдүүлдэг байна. Жилийн зардлынх нь 70 орчим хувь нь ажилтнуудын цалинд ногддог байна. Ажиллагсдынх нь цалин салбарын ажилтнуудын дунджаас доогуур тул эрдэмтэн, судлаачид, нарийн мэргэжлийн инженер техникчид нь ажлаас гарах тохиолдол их байгааг дурдсан юм. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний өгөгдөл цуглуулах, сан бүрдүүлэх, хөгжлийн болон бодлогын судалгаа хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулан орлого бүрдүүлэхэд ихээхэн хүндрэл тулгарч буйг дурдаж байв.

Иймээс ЭХЭЗХ-гээс зарим саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, нормчлолын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах, эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлбөрийн тодорхой хувиар судалгаа, инновацын зардлыг санхүүжүүлэх журамд өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолж байлаа.
Сайд Б.Найдалаа “Уг нь ЭХЭЗХ салбарын “уураг тархи” болох учиртай, хамгийн чухал байгууллагуудын нэг. Эрчим хүчний салбарт бодлого, засаглалтай холбоотой гэхчлэн судалгааны олон ажил хийх шаардлага бий. ЭХЭЗХ-гийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бүрдүүлэх талаар судалж, хамтран ажиллана” гэв.