УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Франц Улсаас (БНФУ) Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Корине Перейраг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр салбарын сайд, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа дипломат харилцаа, нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, жилээс жилд бодит агуулгаар баяжиж, Зэвсэгт хүчний боловсон хүчнийг чадавхжуулахад Франц улсын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийллээ.
Мөн БНФУ-ын цэргийн академи, их дээд сургуулиудад монгол алба хаагчдыг үргэлжлүүлэн суралцуулах, Франц хэлтэй, өндөр бэлтгэгдсэн боловсон хүчнийг НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах тал дээр дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа хэлэв.
Үндэсний батлан хамгаалахын их сургуульд франц хэлний багш тогтмол ажилласнаар манай цэргийн алба хаагчид олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох, Франц улсад мэргэжил дээшлүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.