
Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давст сумын Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын хилийн заставт багийн бага сургууль нээгдлээ.
Багийн бага сургууль нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чөлөөт бүс болох, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, малчдын хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийнхаа дэргэд бага боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх зорилгоор эхэлж буй ажил юм.
Хүүхэд бүрт тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилготой “Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар ХААН Банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр Хил хамгаалах ерөнхий газар болон бусад хувийн хэвшлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж, эхний 2 сургуулиа ийнхүү хүлээлгэн өглөө.
“Багийн бага сургууль” төслийн хүрээнд ашиглалтад орсон эдгээр сургууль тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд барилгын зураг төсөл, барилгын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа нэгж байгууллагуудын мэргэжлийн баг хийж гүйцэтгэсэн байна.
Шинээр баригдсан сургууль нь олон улсын стандартад нийцсэн анги танхим, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөө, “Үдийн цай” хөтөлбөрийн гал тогоо, урлаг, спортын танхим, Starlink өндөр хурдны интернэт бүхий цахим орчин, тоглоомын талбай, сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй ногоон байгууламж зэргийг иж бүрнээр нь шийджээ.
НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамны санаачилгаар хувийн хэвшилтэй хамтран 2027 он гэхэд төв суурин газраас алслагдсан 60 орчим багт бага сургууль байгуулж, бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрийн гэртэйгээ ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэхээр зорьж буй.
ХААН Банк нь нийт 4 бага сургууль буюу дээрх хоёр сургуулиас гадна Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг баг болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт барьж буй бага сургуулиудын барилгыг барьж байгуулах бүх зардлыг санхүүжүүлж буй юм.