
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, сүрьеэгийн ялгаварлан гадуурхалтыг арилгах, эдгэрэлтийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг өгөх зорилгоор сүрьеэ өвчнийг амжилттай даван туулахад зориулсан эрүүл мэндийн хөтөч гарын авлагыг хэвлэн, иргэдэд үнэ төлбөргүй тарааж байна.
Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр "Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн"-ээс санаачлан, Олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо төслийн хүрээнд "Эрүүл мэндийн хөтөч" нэртэй гарын авлагыг боловсруулжээ.
Сүрьеэ өвчний талаарх суурь ойлголт, оношилгоо, эмчилгээний орчин үеийн ахиц дэвшил, эмийн зөв хэрэглээ, ар гэрийнхэнд зориулсан зөвлөмж болон сэтгэл зүй, нийгмийн дэмжлэг зэрэг иж бүрэн мэдээллийг 6 бүлэгт багцлан, хэнд ч ойлгомжтой, зурагт хэлбэрээр харуулсан байна.
Гарын авлагад хиймэл оюун ухаанд суурилсан рентген оношилгоо болон эмчилгээний хугацааг богиносгон 6-9 сар болгосон талаарх сүүлийн үеийн мэдээлэл, сүрьеэг даван туулагчийн захидал, сэтгэл зүйн тусламж болон ялгаварлан гадуурхалтыг даван туулах практик зөвлөгөөнүүд, өвчтөн өөрөө хөтлөх "Эм уух календарь", биеийн өөрчлөлтийн тэмдэглэл болон эмчээс асуух асуултын жагсаалтыг багтааснаараа онцлогтой аж.
"Сүрьеэ бол гэмт хэрэг биш, бүрэн эдгэрдэг өвчин. Хамгийн гол нь өвчтөн эмээ таслахгүй ууж, ар гэрийнхэн нь сэтгэл зүйн асар том дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэхүү гарын авлага нь айдас, буруу ойлголтыг арилгаж, эдгэрлийн замд нэгтгэх гүүр болно гэдгийг гарын авлагыг эмхэтгэгчид онцолж байна.
Манай улс сүрьеэгийн оношилгоо, шинжилгээ, эмчилгээ болон шаардлагатай бүх эмийг иргэдэд харьяалал харгалзахгүйгээр, 100 хувь үнэ төлбөргүй өгдөг.
Гарын авлагыг төсөл хэрэгжиж буй Дархан-Уул, Хэнтий аймаг, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, сүрьеэгийн диспансеруудаар дамжуулан иргэдэд үнэ төлбөргүй түгээж байна.