Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
6 цаг 52 мин
“Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсан, шилжүүлсний татвар” нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Уул уурхайн салбарын долоо хоногийн хүрээнд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсан, шилжүүлсний татвар” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Татварын ерөнхий газар, Нүүрсний ассоциаци болон салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, тусгай зөвшөөрлийн эрх шилжилт хөдөлгөөн болон түүнд ногдох татварын зохицуулалтын бодит нөлөөллийн талаар нээлттэй санал солилцов.

Уул уурхайн салбар нь Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн, татварын бодлоготой холбоотой санал, хүсэлтийг сүүлийн жилүүдэд тогтмол ирүүлсээр ирсэн. Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь татварын бодлогын үндэслэл, хэрэгжилтийн практик, эдийн засаг болон хөрөнгө оруулалтын орчинд үзүүлж буй нөлөөллийг олон талын оролцоотойгоор хэлэлцэж, бодит шийдлийг тодорхойлоход оршиж байв.

Хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ын хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг онцлон хөндлөө. Салбарын төлөөллүүдийн үзэж буйгаар уг аргачлал нь хууль тогтоомжийн зарчимд бүрэн нийцэхгүй, хөрөнгө оруулалтын орчныг хүндрүүлж буй нөхцөл үүсгэж байна. Тодруулбал, тусгай зөвшөөрлийн үнэлгээг ирээдүйн мөнгөн урсгалын загвараар тооцон татвар ногдуулах нь бодит хэрэгжилт тодорхойгүй төсөлд урьдчилсан татвар ногдуулах эрсдэл үүсгэж, хайгуулын шатны хөрөнгө оруулалтыг сааруулж буйг онцоллоо.  Нэг орлогод давхар татвар ногдуулах практик үүссэн нь ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлж байгааг салбарын аж ахуйн нэгжүүд онцолсон бөгөөд 2025 оны байдлаар уулын ажлын төлөвлөгөө ирүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувь дөнгөж 15 хувьтай байгаа нь энэ нөхцөл байдлын бодит илрэл гэж үзэж байна.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд Сангийн сайдын 302 дугаар тушаалаар батлагдсан аргачлалыг хууль зүйн зарчимд нийцүүлэх, давхар татварын эрсдэлийг арилгах, хайгуулын болон хөрөнгө оруулалтын орчныг дэмжих чиглэлд шинэчлэн боловсруулах шаардлагатай гэдгийг тодотгов. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг зах зээлийн нөхцөлд саадгүй шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь салбарын тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ