Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, тус байгууллагын 2025 оны хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2026 онд анхаарах бодлогын асуудалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Энэхүү уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр шинэ оны эхний өдрийн томилолтыг Монгол Улсын дархан хилийн манаанд зогсож буй хилчид, дайчидтай уулзан, тэдний ажиллаж, амьдарч буй орчин нөхцөлтэй биечлэн танилцаж, хилийн сүлдэт баганын дэргэдээс шинэ оноо эхлүүлсэндээ бэлгэшээж буйгаа онцоллоо.
Сүүлийн жилүүдэд хил хамгаалах байгууллагын орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, зэвсэг техникийн хангамж нэмэгдсэнийг тодотгоод цаашдаа ч тус байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх, мерит зарчмаар дэвшин ажиллах боломжийг бүрдүүлэх, салбарын нийгмийн хамгааллын асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Хилчдэд зориулан барьж буй 1000 айлын орон сууцны төслийн эхний ээлжийн айлуудыг ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах тухайд холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээр хийх, 50 гаруй жилийн дараа шинэчлэгдэж буй ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн барилгыг 2027 он гэхэд дуусгаж, ашиглалтад оруулахад бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэв.
Түүнчлэн тус арга хэмжээний үеэр улсын хилийн аюулгүй байдлыг хангахад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдад Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагнал гардууллаа.