НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзсан.
Энэ үеэр гэмт хэрэг, зөрчил их бүртгэгддэг “хар цэг”-үүдийг камержуулах ажлыг энэ онд хийхээр төлөвлөж, төсөвт тусгаад байгаагаа танилцуулж, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, санал солилцсон билээ.
Уг уулзалтын дагуу Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр дүүргийнхээ 23-р хороонд ажилласан юм. Дүүргийн Цагдаагийн газраас гаргасан саналын дагуу уг хороонд нэн шаардлагатай 19 байршилд камер байршуулах юм.
Чингэлтэй дүүрэг 2022 оноос камержуулах ажлыг эхлүүлсэн. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурсан гэдгийг Цагдаагийн газрын дарга онцолсон юм. Цаашлаад ийнхүү шаардлагатай цэгүүдэд камерын тоог нэмэгдүүлэн ажиллана.
Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 2600 орчим камер байна. Энэ онд Чингэлтэй дүүрэг “хар цэгүүд”-ийн камераа нэмэхээс гадна сургууль, цэцэрлэгийнхээ камержуулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр сургууль, цэцэрлэг орчмын хулгай, гэмт хэрэг улам буурч, аюулгүй орчин сайжрах юм.
Чингэлтэй Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Камерын хяналтын дэд төвийн дарга С.Энхтайван, дүүргийн Цагдаагийн газрын дарга Т.Баатар бусад удирдлагуудын хамт 23-р хороонд ажиллаж, гэмт хэрэг, зөрчил их бүртгэгддэг “хар цэг”-үүдийн камерын тоог нэмэх талаар санал гаргалаа.