Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2 цаг 41 мин
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэй, 39.1 хувь нь эрэгтэй байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Монгол Улсын нийт хүн амын 49 хувь нь эрэгтэйчүүд, 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд дунджаар 76 насалдаг бол эрэгтэйчүүд 67 насалж байна.

Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9 жилийн зөрүүтэй.

Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд. Жендэрт суурилсан хүчирхийлэлд 87.6 хувь нь эмэгтэйчүүд өртдөг. Ажиллах хүчний оролцооны хувьд 71.4 хувь нь эрэгтэйчүүд, 53.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргах түвшинд 74.6 хувь нь эрэгтэйчүүд, 25.4 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэхдээ улс төр, парламентын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол Улс Азид манлайлж, дэлхийн түвшинд ойртож байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон нийт 66.8 мянган хүн амаас өрх толгойлсон ганц бие эх 54.8 мянга, өрх толгойлсон ганц бие эцэг 11.9 мянга байна. Үүнээс 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 27.9 мянга байгаа юм. Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 4.1 цагийг цалингүй асрах болон гэрийн ажилд зарцуулдаг бол эрэгтэйчүүд өдөрт 1.7 цагийг зарцуулдаг гэв.

Хуралдааны үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, бодлого чиглэл, зөвлөмжийн талаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Адилбиш танилцууллаа. Тэрбээр “Жендэрийн тэгш байдлыг хангах үзэл баримтлал, зарчмыг Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд тухайлан тусган хэрэгжүүлдэг. Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогод жендэрийн талаарх бодлогыг мөн тусгаж өгсөн байдаг. Жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг бататгах сургалт, уулзалтуудыг байгууллага болон иргэдийн дунд тогтмол зохион байгуулдаг” гэв.

Аливаа байгууллага, ААН-д Жендэрийн тэгш байдлыг хангаснаар дараах үр дүнгүүд гардаг байна.

  • Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжинө.
  • Ажилтнуудын сэтгэл ханамж дээшилнэ.
  • Үндэсний төдийгүй олон улсын түвшинд сайн үлгэр жишээ болно

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин танилцууллаа. Нийслэлийн Боловсролын газраас бүх нийтийн жендэрийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Тухайлбал, 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон төрийн бус нийт 332 сургуулийн 6-12 дугаар ангийн 224 мянга гаруй сурагч хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал, анхны тусламж хөтөлбөрийн хүрээнд хичээл судалж байна. Эдгээр хөтөлбөрийг судалснаар сурагчид дараах мэдлэгийг олж авах юм.

  • Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, бие бялдрын эрүүл мэнд, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох,
  • Аливаа эрсдэлтэй зан үйлээс татгалзах, даван туулах, бусдад эерэг шаардлага тавих,
  • Олон талт соёлыг ойлгох, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах,
  • Олон нийт, сайн дурын үйл ажиллагаанд оролцож, бусдад нөлөөлөх,
  • Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй хандах,
  • Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө санаа тавьдаг байхад суралцана.

Нийслэлд 206 сургуульд 241 сэтгэл зүйч ажиллаж байна. 2025 оны 10 дугаар сарын байдлаар сэтгэл зүйчийн үйлчилгээг нийт давхардсан тоогоор 14600 суралцагч авчээ. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагад ажиллаж буй сэтгэл зүйчийг жендерийн чиглэлээр мэргэшүүлдэг байна. Мөн сурагчдад тэгш, хүртээмжтэй боловсрол олгох, дотуур байранд амьдардаг сурагчдыг дэмжих, ЕБС-ийн суралцагчдыг хорт зуршил, болзошгүй эрсдэлт зан үйл болон жендэрийн хэвшмэл ойлголтоос сэргийлэх үйл ажиллагаанд эцэг эх, багш, сурагчид (охид, хөвгүүд)-ын клуб, бүлгээр дамжуулан хамруулдаг байна.

Хуралдааны төгсгөлд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа нийслэлээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд эдийн засаг, төрийн албан дахь ЖЭТБ, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн харилцааны чиглэлээр аян, сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулдаг талаар танилцууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ