Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилээс хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх зорилтын хүрээнд “Стратегийн яриа хэлэлцээ” хэлбэрээр 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төлөөлөгчид, германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW), Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR), Германы Үндэсний метрологийн хүрээлэн (PTB), мөн холбогдох байгууллагын төлөөллүүд оролцов.
Стратегийн зөвлөлдөх уулзалтын хүрээнд талууд хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн хэрэгжилт, үр дүнг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов. Германы тал Монгол Улсын дэвшүүлж буй хөгжлийн тэргүүлэх зорилтууд нь Германы хөгжлийн хамтын ажиллагааны урт хугацааны стратеги, тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байгааг тэмдэглэв. Талууд тогтвортой эдийн засгийн хөгжил, хүний нөөцийн хөгжил, боловсрол, мэргэжлийн сургалт, ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчны тогтвортой байдал болон институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.
Мөн ирэх онд зохион байгуулагдах Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээний бэлтгэл ажлын хүрээнд эдгээр чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж, тодорхой ахиц дэвшил гаргахын төлөө нягт хамтран ажиллахаа талууд нотлов.