Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-11-03
Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Бүсчилсэн хөгжлийн хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.03/ болж, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх нийслэлийн эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, үерийн эрсдэлийг бууруулах чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Багануур нүүрс-химийн үйлдвэр ХХК байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг танилцуулав.

Улаанбаатар хотын өвлийн түлшний хэрэгцээг дотоодоос хангах зорилгоор Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай нүүрс пиролизийн үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 350 орчим ажлын байр бий болгоно гэх тооцооллыг гаргасан байна.  Үйлдвэрийг 2028 оны гуравдугаар сард ашиглалтад оруулж, 2029 оноос дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьсан байна. Ингэснээр хагас коксжсон нүүрсний хангамж нэмэгдэж, татаасын зардал буурах ач холбогдолтойг танилцууллаа.

Мөн байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай асуудлыг хэлэлцэв. Төсөл нь 58 МВт-ын хүчин чадалтай хийн дулааны станц, шингэрүүлсэн байгалийн хий хүлээн авах, хадгалах, дахин хийн төлөвт хувиргах байгууламж болон 12 км хүртэлх хийн дамжуулах шугамаас бүрдэх бөгөөд 2029-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд Дэнжийн мянга, Сэлбэ орчмын дулаан хангамжийг сайжруулж, 19 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Мөн Цагаан даваанд хийн байгууламж байгуулж, дамжуулах, түгээх шугам сүлжээг барихаар төлөвлөсөн байна. Төлөөлөгчид төслийн байршил, аюулгүй ажиллагаа, хэрэгжүүлэгч компанийн туршлага, хийн үнийн өсөлтөөс үүсэх эрсдэлийг гэрээнд тусгах шаардлагыг хөндөж, иргэдэд мэдээлэл хүргэх, ойлголт өгөх ажлыг сайтар зохион байгуулах нь чухал гэв.

Үргэлжлүүлэн Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа. Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, хөрсний гүн бохирдлыг бууруулах зорилгоор Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хөгжүүлж байгаа юм. Төслийн газрын асуудал шийдвэрлэгдсэн бөгөөд дэд бүтцийн ажлын зураг төслийн гүйцэтгэл 85 хувьтай байна. Үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатайг танилцууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ