Казахстан Улсын Акмола мужийн Көкшетау хотод 240 МВт цахилгаан, 520 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ дулааны цахилгаан станц барьж байна.
Төслийг 2029 оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төслийн хүрээнд анхан шатны бэлтгэл ажил дуусаж, хүчний трансформатор суурилуулан, түр зам болон барилгын удирдлагын байр байгуулжээ. Үндсэн барилгын ажил 2026 оны дөрөвдүгээр сараас эрчимжихээр төлөвлөгдсөн байна.
Көкшетау хотын дулааны хэрэглээ 2035 он гэхэд 840 Гкал/цаг давж өсөх тооцоо гарчээ.
Тус хотод жил бүр 200-240 мянган ам метр орон сууц ашиглалтад орж, сургууль, эмнэлэг болон бусад нийгмийн байгууламж шинээр баригдаж байгаа нь эрчим хүчний хэрэгцээг нэмэгдүүлж байна.
Шинэ станц ашиглалтад орсноор 195 мянга гаруй оршин суугчийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Мөн 600 орчим олон айлын орон сууцыг халуун усаар хангахаар төлөвлөжээ.
Шинэ станц нь үндсэн түлшээр нүүрс ашиглах бөгөөд утааны хийн цэвэрлэгээний орчин үеийн системтэй байна.
Төслийн хүрээнд бага ялгаруулалттай шатаагч, катализатор, цахилгаан шүүлтүүр болон хүхэргүйжүүлэх төхөөрөмж ашиглахаар төлөвлөжээ.
Станцын барилгын ажилд оргил үедээ 2,500 орчим хүн оролцох бөгөөд ашиглалтад орсны дараа 400 орчим байнгын ажлын байр бий болгохоор тооцоолжээ.