
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх БНСУ-ын Пажү хотын Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны багийн ахлагч Жин Хён Док тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Пажү хотод “Монгол таун” байгуулах төсөл болон хоёр хотын хооронд найрамдалт харилцаа тогтоож, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Пажү хотын төлөөлөгчид Монгол Улсын иргэдийн амьдрах орчин, соёлын онцлогийг дэмжих, соёл, эдийн засаг, аялал жуулчлалыг хослуулсан цогц орчин бүрдүүлэх зорилготой “Монгол таун” төслийг танилцууллаа. Төслийн хүрээнд Монголын уламжлалт гэр, түүх, соёлын үзэсгэлэн, үндэсний урлагийн тоглолтын талбай, Солонгос–Монголын бизнес түншлэлийн төв байгуулах, худалдаа, инновацын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотын зүгээс уг санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, төслийг хэрэгжүүлснээр Пажү хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн нийгэм, соёлын оролцоо нэмэгдэхээс гадна хоёр улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын харилцаа өргөжих боломжтойг онцоллоо. Мөн төслийн төлөвлөлт, хэрэгжүүлэх үе шат, оролцогч талуудын үүрэг, орон нутгийн захиргааны оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хамтын ажиллагааны боломжийг судлан ажиллахаа илэрхийлэв.
