ОХУ-ын Санкт-Петербург хотноо Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф нар уулзлаа.
Энэ уулзалт хэлэлцээ гурван цаг орчим үргэлжилж, ОХУ, АНУ, Украины төлөөлөгчдийг оролцуулсан гурван талт хэлэлцээг сэргээх талаар сэдвийг чухалчлан хөндсөн гэж Владимир Путины туслах Юрий Ушаков мэдэгдсэн байна.
Юрий Ушаков “Гол сэдвээр 11 дүгээр сарын 10-даар гурван талт хэлэлцээ хийхэд зарчмын хувьд бэлэн гэдгийг Ерөнхийлөгч Стив Уиткоффт дуулгасан. Энэ сэдэв нь сөргөлдөөн дууссаны дараа Орос, Украины хувьд аюулгүй байдлын системийг бий болгохтой холбоотой юм” хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ.
Түүний өгүүлснээр, Стив Уиткофф гурван талт хэлэлцээ сэргээх энэхүү саналыг дэмжиж, “энэ шийдвэрийг Ерөнхийлөгч Доналд Трамп тааламжтай хүлээн авах нь гарцаагүй” гэж мэдэгдсэн байна.
Гурван талт хэлэлцээг Абу-Дабид хийж магадгүй, одоогоор төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлаагүй байгаа гэж Юрий Ушаков мэдэгджээ.
Өмнө нь, 2026 оны 01 дүгээр сард ОХУ, Украин, АНУ-ын гурван талт хэлэлцээ Абу-Даби хотноо зохион байгуулагдаж байсан юм.
Гурван талт хэлэлцээг сэргээх талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ч байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр “Бид мэдээлэл авсан. Бидний ойлгосноор, гурван талт уулзалтыг ОХУ дэмжиж байгаа юм байна. Энэ уулзалтыг аль болох хурдан зохион байгуулахыг Америкийн тал санал болгож байгаа. Бид үүнийг дэмжиж байна” гэж мэдэгджээ.