
“MiningWeek &MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулга уулзалт, үзэсгэлэн Налайх дүүрэг дэх Тайж хайрханы бэлд өчигдөр эхэлсэн. Чуулга уулзалтын оролцогчид өнөөдөр “Уул уурхай ба эрчим хүчний ирээдүйг холбох нь” хуралдаан өрнүүлэв.
Хуралдааныг Эрчим хүчний сайд Б.Найдалаа нээж, “Уул уурхайн ирээдүйг тэтгэх эрчим хүч” сэдвээр илтгэл тавилаа. Геополитикийн өөрчлөлт, дата төвүүд зэрэгтэй холбоотойгоор дэлхий даяар эрчим хүчний салбар өөрчлөгдөж байгаа нь Монгол Улсын хувьд өмнөхөөс илүү боломж нээж буйг тэрбээр онцлов.
Монгол Улс өдгөө эрчим хүчний чадлын дутагдалтай, засаглалаа сайжруулах, хөрөнгө оруулалт татах шаардлагатай, тариф үйлдвэрлэлийн өртгөөсөө доогуур байгаа гэхчлэн бэрхшээл бий. Иймээс 139 буюу нэг бодлого, гурван зарчим, есөн ажил гэсэн томьёоллоор шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн талаараа сайд Б.Найдалаа дурдаад, “Өнөө болон ирэх жилүүдэд өвөлжилтийн бэлтгэл хангахад л анхаарсаар байх уу, эсвэл зорилгоо том тавьж, байгалийн асар их нөөцөө ашиглан бүс нутгийн хэмжээний тоглогч болж, эрчим хүч экспортлох уу гэдэг сонголтын өмнө бид ирээд байна. Зөвхөн дотоодын асуудлаа, хэрэглээ, үйлдвэрлэлийн зөрүү улам нэмэгдэж байгааг ярьсаар байвал эрчим хүчний салбар асуудлаас гарахгүй.
Иймд дээр дурдсан есөн ажлын хүрээнд тархмал эх үүсвэр барих, хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, засаглалыг сайжруулах, тарифын өөрчлөлт, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг нэгэн зэрэг хийх нь чухал” гэв.
Түүнчлэн тэрбээр “Уул уурхай, эрчим хүч бол нэг зоосны хоёр тал. Тиймээс ирээдүйн хөгжлийн төлөө хамтдаа урагшилцгаая. Уул уурхай хаана хөгжиж байна, тэнд эрчим хүч байх ёстой. Уул уурхайн салбарын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангахад анхаарч байна. Тус салбарын хөгжлийг дагаад аукцион зарлах хэрэгтэй байгаа. Компаниуд өөрийн хэрэгцээнд зориулан эрчим хүчний эх үүсвэр баривал зөвшөөрлийг саадгүй олгоход анхаарч байна. Тархмал эх үүсвэр, Тавантолгойн цахилгаан станц гээд бүх төслийг хэрэгжүүлэх ёстой” хэмээн дурдлаа.
Эрчим хүч импортолж буй ордууд, тухайлбал, 2013 оноос хойш ӨМӨЗО-оос эрчим хүч авч байгаа Оюутолгойн уурхайн хэрэглээг дотоодын эх үүсвэрээр үе шаттай хангах бодлого баримталж буй. Энэ нь валютын гадагшлах урсгал багасах, эрчим хүчний хараат бус байдал хангагдах, “ногоон зэс” үйлдвэрлэхийг дэмжинэ.
Сүлжээнд холбогдох боломжгүй уурхайг бие даасан эрчим хүчээр хангах бодлогыг цаашид баримтална. Төвийн сүлжээнээс алслагдсан уурхайнууд дизель генераторт тулгуурлан ажиллаж буй тул импортын түлш, тээвэрлэлтийн зардал, үнийн хэлбэлзлээс хамааралтай, агаарын бохирдолд нөлөөлж байгаа. Иймээс тэдгээр уурхайд нар, салхи, батарей хуримтлуурыг микро сүлжээгээр хослуулсан бие даасан систем байгуулж, дизель генераторыг зөвхөн нөөцөд ашиглах нь чухал юм.
Дээр дурдсан Бодлого 139-ийн хүрээнд гурван үе шаттай хэрэгжүүлэх Эрчим хүчний ногоон шилжилт (2026-2050)-ийн стратеги боловсруулсныг салбарын сайд танилцууллаа. Үүний хүрээнд Монгол Улсын нэгдсэн системийн цахилгаан эрчим хүчний оргил ачааллын таацыг 2050 он хүртэл тооцоолоод буй. Тодруулбал, оргил ачаалал 2050 онд 6870 МВт-д хүрэх тооцоо бий. Эрэлт ийнхүү нэмэгдэхээр байгаа тул 2035 оноос анхны устөрөгчийн ДЦС, 2040 оноос анхны атомын цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Монголын эрдэс баялаг, бизнесийн салбарын оролцогчдыг нэг дор нэгтгэсэн энэхүү чуулга уулзалтын үеэр зохион байгуулсан “Уул уурхай ба эрчим хүчний ирээдүйг холбох нь” хуралдааны үеэр мөн “Ньюком” групп, “Оюутолгой” зэрэг компанийн төлөөлөл илтгэл тавихын сацуу хэлэлцүүлгүүд өрнүүлсэн юм. Уг хуралдааныг “Mining insight”, “Energy Insight” сэтгүүл зохион байгууллаа.


