Монгол Улсад 127 хүүхдийн нэг, АНУ-д 35 хүүхдийн нэг нь аутизмаар оношлогдож байгаа талаар судалгаанд дурджээ.
Сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй аутизмын хүрээний эмгэг болон хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд морин заслын арга нь өндөр ач холбогдолтойг эрдэмтэд судалсан байна.
Монгол адуу, монгол ахуйгаа хүний эрүүл мэнд, хүүхдийн хөгжил, сэргээн засах тусламж үйлчилгээтэй холбон хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа нь Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний зорилготой ч мөн уялдаж байгаа юм.
Өнөөдөр хүүхдэд зориулсан “Гэгээлэг Ирээдүй” Морин заслын төв нээлтээ хийлээ.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайд Б.Баярсайхан, Токиогийн хөдөө аж ахуйн их сургуулийн дэд профессор Кавашима Шү, Профессор Шу Кавашима нар оролцов. Япон улсын морин заслын төлөөлөгч нар Япон улсын морин заслын төвийн туршлага, үр дүнг хуваалцав.
Зөвлөх Б.Бадамцэцэг тус арга хэмжээг нээж хэлэхдээ, Монгол хүн, Монгол морь хоёрын хооронд хэдэн зуун, хэдэн мянган жилийн тэртээгээс улбаатай монголчуудын түүх соёл, амьдрал ахуй, оюун сэтгэлгээтэй салшгүй холбогдсон нандин холбоо байдаг билээ. Харин өнөөдөр энэхүү олон зуун, мянганы түүхтэй нандин холбоо шинэ агуулгаар үргэлжилж, бид өвөг дээдсээс уламжлан ирсэн ахуй, өв соёлоо орчин үеийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй хослуулан хөгжүүлж, монгол мориныхоо үнэ цэнийг хүний эрүүл мэнд, хүүхдийн хөгжил, сайн сайхан амьдралд чиглүүлэх шинэ боломжийн үүдийг нээгдэж байна. Энэхүү төв байгуулагдаж байгаа нь зөвхөн эмчилгээ, сэргээн засах ач холбогдлоор хязгаарлагдахгүй бөгөөд монгол хүүхэд, монгол морьтойгоо танилцаж, үндэсний өв соёл, монгол ахуйгаа биеэр мэдэрч, өвлөн тээх, түүгээрээ бахархах орчин бүрдэж байгаад талархаж байна гэлээ.