“Энх тайван, тогтвортой байдлын төлөөх бэлчээрийн мал аж ахуй” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож үг хэлэв.
Тэрбээр газрын тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, хүнсний аюулгүй байдал болон нийгмийн тогтвортой байдлын огтлолцолд орших энэхүү чухал асуудалд анхаарал хандуулж буй зохион байгуулагчид болон олон улсын түншүүдэд талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар бэлчээрийн мал аж ахуйн талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцууллаа.
Тухайлбал, бэлчээрийн мал аж ахуйг зөвхөн хүнсний хангамжийн эх үүсвэр гэдгээс гадна байгаль хамгаалал, эдийн засгийн чадамж, нийгмийн эв нэгдлийг сахин хамгаалагч зангилаа механизм гэж үзэж байгааг онцлов. Бэлчээрийг даацад нь тохируулан сэлгэн ашиглаж, нүүдэлчдийн уламжлалт ухааныг шинжлэх ухаантай хослуулах нь хөрсийг нөхөн сэргээж, нүүрстөрөгчийг хуримтлуулах замаар уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах хамгийн үр дүнтэй байгалийн шийдэл болж байгааг дурдав.
Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйн асуудлыг дэлхийн бодлогын түвшинд гаргахад манлайлан оролцож байгаа. Тухайлбал, манай улсын Засгийн газрын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан билээ. Энэхүү дэлхийн хэмжээний санаачилгаар дамжуулан бэлчээр ба нүүдэлчдийн биологийн олон янз байдал, хүнсний аюулгүй байдал, соёлын өвд оруулж буй хувь нэмрийг сурталчлахын зэрэгцээ, бэлчээрийн бүс нутагт чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэхийг зорилго болгож байна.
COP17 хурлыг зохион байгуулагч орны хувьд Монгол Улс бэлчээрийн менежментийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын нийгэмлэгийг бэхжүүлэх бодит алхмуудыг төлөвлөж байгаа юм.
“Энх тайван, тогтвортой байдлын төлөөх бэлчээрийн мал аж ахуй” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид эрүүл экосистем, сөрөн тэсвэрлэх чадвартай иргэд, энх тайванч нийгмийг бүрдүүлэхэд бэлчээрийн мал аж ахуйн гүйцэтгэх ач холбогдол өндөр гэдгийг санал нэгтэй тэмдэглэлээ.