Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн түүхэн тохиролцоонууд болон саяхан зохион байгуулагдсан Засгийн газар хоорондын комиссын хурлын шийдвэрүүдийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт бодит ажил хэрэг болгоход ХХААХҮЯ анхаарал хандуулан ажиллаж буйг тэмдэглэв.
Ялангуяа, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нарын харилцан хийсэн төрийн айлчлалуудын үр дүнд хоёр орны харилцаа "Стратегийн түншлэл"-ийн түвшинд хүрснийг сайд тодотгов. Мөн энэхүү дээд түвшний тохиролцооны дагуу хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх “2025–2027 оны замын зураглал”-ыг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ тэргүүлэх үүрэгтэй оролцож байгааг дурдлаа. Үүний зэрэгцээ, Монгол Улсын Шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Н.Номтойбаяр саяхан БНКУ-д албан ёсны айлчлал хийж, Казахстаны Хөдөө аж ахуйн сайдтай уулзах үеэрээ Төрийн тэргүүн нарын санаачилгыг бодит ажил болгох, дамжин өнгөрөх тээврийн дөт маршрут бий болгох асуудлыг хэлэлцсэнийг онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайдын зүгээс хоёр талын худалдаа, түншлэлийг бодитоор өргөжүүлэх дараах тодорхой саналуудыг дэвшүүлэв.
Мал эмнэлэг, махны экспорттой холбоотой тээвэр логистикийн хүндрэлийг шийдвэрлэх, мэдээлэл солилцох тогтмол сувгийг бий болгох асуудлаар тодорхой саналуудыг дэвшүүлэв. Түүнчлэн 1998 оны “Ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг шинэчилж, Монгол Улс ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээрийн тарифын хөнгөлөлттэй уялдуулан ургамлын гаралтай бүтээгдэхүүний шаардлагыг нарийвчлан тохирох, Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүнийг Казахстаны зах зээлд нийлүүлэх, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах үндэсний хөдөлгөөний хүрээнд Казахстан Улсаас импортолж буй жимс, хүнсний ногооны нэр төрлийг олшруулах, малын чанар, генетик судалгааны чиглэлээр хамтарсан механизм бий болгох асуудлыг тус тус дэвшүүллээ.
Элчин сайд Алмас Сейтакынов дэвшүүлсэн саналыг хүлээн авч хоёр улсын Ерөнхийлөгч нарын тохиролцсон Стратегийн түншлэлийн зорилтуудыг хангах, салбарын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх болон тээврийн саатлыг шуурхай арилгахад ЭСЯ-ны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж, холбогдох яамдтай шууд харилцаа тогтооход зуучлахаа илэрхийллээ.
Түүнчлэн Казахстаны биотехнологийн шинжлэх ухаан, био-үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн төрийн өмчит “QazBioPharm” (Казбиофарм) үндэсний холдингтой хамтран Монгол Улсад малын гоц халдварт өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх, Монгол Улс өмнө нь эхлүүлсэн хэлэлцээрийг баталгаажуулах, цаашлаад хоёр улсын байгаль цаг уур, малын өвчлөлийн онцлогт тохирсон хамтарсан вакцин гарган авах шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түншлэлийг эхлүүлэх саналыг дэвшүүлэв.
Үүний зэрэгцээ Монгол Улсаас Казахстан Улс руу адууны махны экспортыг тогтвортой үргэлжлүүлэх, махны экспортыг хоёр улсын мал эмнэлгийн хяналтын байгууллагуудын стандартын дагуу нарийвчлан зохицуулах саналыг хэллээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлтийг дэмжих хүрээнд Казахстан Улсаас Монгол Улсад нийлүүлэх наранцэцгийн тосны экспортын асуудлыг дэвшүүлсэн бөгөөд Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон Монгол Улс хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд худалдааны эргэлтийг идэвхжүүлж, тарифт болон тарифт бус хориг саадуудыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, төрийн болон хувийн хэвшлийн түншлэлд уян хатан шуурхай хандах, Евроазийн түр хэлэлцээрийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.