Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-08-27
Нүүрстөрөгчийн зах зээлийг ашиглах замаар бэлчээрийг нөхөн сэргээх загварыг бий болгох туршилтын төсөл нээлтээ хийлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Цөлжилттэй тэмцэх конвенцын СОР17 бага хурлын хүрээнд “Монголын бэлчээрийг нөхөн сэргээх нь: Малчдын оролцоонд тулгуурласан нүүрстөрөгчийн туршилтын төсөл”-ийн албан ёсны нээлтэд оролцож, үг хэллээ.

Тэрбээр Монгол орны бэлчээр, малчдын амьжиргаа, хөдөө аж ахуйн ирээдүйг шинэ өнцгөөс харж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит шийдлийг хамтдаа эрэлхийлж буй чухал мөчид энэхүү төслийн нээлт болж байна гээд малчдын уламжлалт мэдлэг, олон арван жилийн туршлагыг орчин үеийн хэмжилт, шинжлэх ухаанд суурилсан аргачлал, эдийн засгийн хөшүүрэгтэй хэрхэн зөв холбох вэ гэдэг нь сорилт болж байгааг онцоллоо.

Мөн Азийн хөгжлийн банкны Зах зээл хөгжүүлэлт, төр хувийн хэвшлийн түншлэлийн газар малчдыг нүүрстөрөгчийн зах зээл, боломжит түншүүдтэй холбох, улмаар бэлчээрийн зөв менежментээс бий болох үр өгөөжийг малчдад хүргэх механизмыг бий болгох туршилтын төсөл хэрэгжүүлж эхэлж байгаад талархал илэрхийлэв.

Энэхүү туршилтын төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдэл, шинжлэх ухаанд тулгуурласан аргачлал, боломжийг бодитоор турших зорилготой бөгөөд бэлчээрээ зөв ашиглаж, нөхөн сэргээж байгаа малчдын үйл ажиллагааны үр дүнг хэмжиж, баталгаажуулан, түүнд тохирох эдийн засгийн урамшуулал, санхүүжилтийн механизмыг бий болгох боломжийг турших юм. Өөрөөр хэлбэл, бэлчээр хамгаалахыг зардал биш, хөрөнгө оруулалт гэж харж эхэлж байна.

Монгол Улс 2026 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бие даасан хуулиа баталсан. Энэхүү хууль нь Монгол Улсын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа юм. Парисын хэлэлцээр болон Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн хуулийн хүрээнд бий болж буй нэг том боломж нь нүүрстөрөгчийн зах зээл юм. Бэлчээрийн доройтлын улмаас хөрсөнд хадгалагдаж буй нүүрстөрөгч агаар мандалд дэгдэж, улмаар дэлхийн дулааралд тодорхой хэмжээнд нөлөөлж буй. Үүнийг зогсоож, бэлчээрийг сэргээж, нүүрс төрөгчийн шингээлтийг нэмэгдүүлснээ баталгаажуулж чадсан тохиолдолд олон улсын карбон зах зээлээс санхүүжилт орж ирнэ.

“Монголын бэлчээрийг нөхөн сэргээх нь: Малчдын оролцоонд тулгуурласан нүүрстөрөгчийн туршилтын төсөл”-ийн хүрээнд малчид болон хувийн хэвшил хамтран бэлчээр сэргээх тогтвортой эдийн засгийн загварыг бий болгох юм. Нүүрстөрөгчийн зах зээлийг ашиглах замаар бий болгох энэхүү загварыг ул суурьтай, тал талын эрх ашгийг хангаж байж, бэлчээр сэргээх ажил тогтвортой урт хугацаанд өргөн цар хүрээтэйгээр хэрэгжих үндэс болно гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ дурдлаа.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ