Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-08-26
Турк улстай арьс, шир гүн боловсруулах, кластер хөгжүүлэх, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд найрамдах Турк улсын Хөдөө аж ахуй, ойн дэд сайд Абдулкадир Полаттай уулзлаа. 

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн COP17-ын хүрээнд эрхэм дэд сайдтай уулзаж, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох болсонд талархаж байгаагаа илэрхийлэв. Монгол, Туркийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөн утга агуулгатай бөгөөд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа нь зөвхөн худалдаагаар хязгаарлагдахгүй, техникийн туслалцаа, тоног төхөөрөмж, технологи дамжуулалт, сургалт, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр хэрэгжиж ирсэн гэдгийг мөн цохон тэмдэглэлээ. 

Монгол Улсын Засгийн газар хүнсний баталгаат байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. 2025 онд Монгол, Туркийн төрийн тэргүүн нарын түвшинд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохирсон нь энэ чиглэлийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх суурь болж байгааг Төрийн нарийн бичгийн дарга онцлов. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бүгд Найрамдах Турк Улс нь арьс шир боловсруулах, гүн боловсруулах, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн кластер хөгжүүлэх, технологи нэвтрүүлэх, олон улсын зах зээлд бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр өндөр түвшний туршлагатай. Тиймээс энэ чиглэлээр хоёр улс хамтран ажиллах өргөн боломжтой гэдгийг дурдав.

Бүгд найрамдах Турк улсын Хөдөө аж ахуй, ойн дэд сайд Абдулкадир Полат хоёр талын хүчин чармайлтаар хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Турк улс Монгол Улстай хөдөө аж ахуй, мал аж ахуй, ойн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой гэдгийг хэллээ. 

Уулзалтаар Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, усны нөөцийн тогтвортой менежмент ба усалгаатай газар тариаланг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ