Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Гэлсомина Виглиоттитай уулзалт хийж, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эдийн засагт эзлэх байр суурь, Засгийн газрын бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Атар 4”, “Нутагтаа эзэн 100:1000” зэрэг төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж болох төслүүдийн талаар саналаа хэллээ.
Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) нь Европын холбооны хөгжлийн санхүүгийн байгууллага бөгөөд тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төсөлд урт хугацааны хөнгөлөлттэй зээл, техникийн туслалцаа үзүүлдэг.
Монгол Улсад тус банк ойжуулалт, ногоон дэд бүтэц, уур амьсгалд тэсвэртэй ойн салбарыг хөгжүүлэх чиглэлээр 100 хүртэлх сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгож, хамтарсан санхүүжилтээр 200 хүртэл сая еврогийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг судалж байгаа юм.
Тиймээс ХХААХҮЯ-ны зүгээс малын гаралтай түүхий эдийн чанарын хяналт, үнэлгээний лаборатори байгуулах, зөгийн аж ахуй эрхлэлтийг дэмжих замаар бэлчээр, хадлан сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, түүхий эдийн экспортоос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжиж, ноолуурын чанар, гарал үүслийн мөшгөх тогтолцоо, стандарт, газар зүйн заалт, дотоодын боловсруулалтыг хөгжүүлэх төслүүдийг Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Хатагтай Гэлсомина Виглиотти Европын хөрөнгө оруулалтын банк тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төсөлд урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн ТЭЗҮ-ийг хийж байгааг дурдаад энэ хүрээнд Монголын талаас тавьж буй саналуудыг хүлээн авч тусгана гэлээ.


