2026 оны наймдугаар сарын 3-ны өдрийн дүн мэдээгээр улсын хэмжээнд 365.5 мянган га-д үр тариа, үүнээс 317.6 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.1 мянган га-д хүнсний ногоо, 74.7 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн.
Энэ жил 270.2 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 250.6 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт, 160.1 мянган га-д уриншийн хоёрдугаар боловсруулалтыг тус тус хийсэн мэдээтэй байна. Уринш боловсруулалт үргэлжилж байна.
Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудайд цэцэглэлтийн төгсгөл, сүүн бололтын үе шатууд, төмсөнд ихэнх нутагт цэцэглэлтийн төгсгөлийн үе шат явагдаж байна. Улаанбуудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 29-68 см байгаа бол Сэлэнгийн Орхон, Ерөө сум, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 6-р бригад, Алтангадас, Цайдамын талбайд 81-97 см байна. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад улаанбуудайн өндөр ихэнх талбайд 10-12 орчим см -ээр илүү байна.
Өнөөдрийн байдлаар дотоодын зах зээлд эртийн ургацын төмс, хүлэмжийн болон зарим нэр төрлийн хүнсний ногоо /байцаа, сонгино, манжин, лууван, навчит ногоо, өргөст хэмх, улаан лооль, гуатаны таримал/-ны түүвэр хураалт эхэлсэн борлуулагдаж байна.
Тариалангийн талбайд ургацын баланс тогтоох, ургацын чанарт дүн шинжилгээ болон үрийн талбайд хянан баталгаа хийх ажлыг 2026 оны 08 дугаар сарын 20-ны дотор хийхээр аймаг, сумдын түвшинд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 8, 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр олон жилийн дунджаас дулаан байх хэдий ч хур тунадасны хувьд дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхины аюултай үзэгдлийн эрсдэл нэмэгдэж, голын усны түвшин нэмэгдэх, ургац тээврийн зам эвдрэх, хаагдах зэрэг нөхцөл үүсч болзошгүй байна.
Иймд цаг агаарын болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тариалангийн талбайг эрсдлээс хамгаалах чиглэлээр урьдчилсан анхааруулга, зөвлөмжийг хүргүүлж байна.
Мөн цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд үндэслэн таримал ургамлын ургалтын хугацаанд өвчин, хөнөөлт организмын тархалт нэмэгдэх нөхцөл үүсч болзошгүй байгаатай холбогдуулан ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг гарган тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.