Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-08-03
2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн асуудлаар цахим хурал зохион байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн өнөөдөр 21 аймаг болон нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд, Мал эмнэлгийн ерөнхий газар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Малын удмын сангийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагуудын удирдлагатай цахим хурал зохион байгуулж, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, зуншлага, 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явц, бэлэн байдал, цаг үеийн тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл, танилцуулга сонсож, үүрэг, чиглэл өглөө. 
Цахим хуралд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөө аж ахуйн асуудал хариуцсан зөвлөх С.Далхаасүрэн болон ХХААХҮЯ-ны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Батзориг нар оролцов. 
Хурлаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, байгаль, цаг агаарын нөхцөл байдал, бэлчээр, тариалангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл, танилцуулга хийлээ.
Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд, 
1. Аймаг, сум бүр өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг Засгийн газрын 286 дугаар тогтоолд заасан доод хэмжээнээс дээш бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, цаг тухайд тайлагнах;
2.Байгалийн хадлан бэлтгэх боломжтой аймгууд, ялангуяа Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгууд гантай болон зуншлага оройтсон аймгуудад хадлан бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх;
3. Отроор өвөлжиж, хаваржих малчид, тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хүргэхэд төрийн байгууллагууд уялдаагаа сайжруулан ажиллах, төрийн байгууллагын мэдээллээ шинэчлэх (утасны дугаар, байршил, товлолт вакцинд хамрагдах иргэд байгаа эсэх гэх мэт) хэрэгтэй;
4. Мал, мах бэлтгэлийг эрчимжүүлж мал аж ахуйн салбарт учрах эрсдэлийг бууруулах, малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж хэвших;
5. Өвлийн улиралд цаг агаарын хүндрэлээс шалтгаалан хаагдаж болзошгүй зам, давааны судалгааг гаргаж, тэдгээрт дайчлан ажиллуулах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлын мэдээллийг урьдчилан тодотгон, шуурхай хариу арга хэмжээ авах бэлтгэлийг бүрэн хангаж ажиллах;
6.Ургац хураалт болон хадлан тэжээл бэлтгэх явцад түлш, шатахууны хомсдол үүсэх эрсдэл бий учир малчид, хадланч, тариаланчдад мэдээллийг хүргэж, нөөц бүрдүүлэх, тогтвортой нийлүүлэлттэй байх талаар арга хэмжээ авч ажиллах;
7. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй мэрэгч амьтантай энгийн механик биологийн аргаар тэмцэх арга хэмжээг намрын технологит хугацаанд чанартай зохион байгуулж гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах;
8. Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас зарласан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд зохион байгуулах Олон улсын малчдын салбар уулзалтыг 2026 оны 8 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Сэлэнгэ, Хэнтий аймагт зохион байгуулахад орон нутгийн малчдыг оролцуулж, бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах;
9. Мөн 8 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Дэлхийн малчдын чуулганд оролцох малчдыг бүрэн хамруулах. Тус чуулганд аймаг, нийслэлээс нийт 100 малчин оролцуулахаар нэрсийг авсан тул эдгээр арга хэмжээний бэлтгэл ажлыг аймаг болон холбогдох сумдтай хамтран бүрэн хангаж, зохион байгуулалтын уялдаа холбоог сайжруулан, арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахад онцгой анхаарч ажиллахыг чиглэл болголоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ