Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-07-08
Дамаскт болсон дэлбэрэлтийг Францын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Сирид хийж буй айлчлалын үеэр нийслэл Дамаск хотын төв хэсэгт хоёр удаагийн дэлбэрэлт болжээ.

Ал-Жазирагийн мэдээлснээр, дэлбэрэлт Дамаск хотын Аялал жуулчлалын яам болон Макроны байрлаж байсан “Four Seasons” зочид буудлын ойролцоо болсон байна. Сирийн Дотоод хэргийн яамны мэдээллээр 18 хүн гэмтэж, тэдний дөрөв нь цагдаагийн алба хаагч байжээ.

Эхний дэлбэрэлт Макроны цуваа зочид буудлаас Ерөнхийлөгчийн ордон руу хөдөлсний дараахан хогийн саванд болсон гэж Reuters болон AFP агентлаг мэдээлсэн байна. Харин хоёр дахь дэлбэрэлт ойролцоох түргэн тусламжийн автомашины дэргэд болжээ.

Сирийн Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, тэсрэх төхөөрөмжүүдийг аюулгүй болгохоор ажиллаж байх үед дэлбэрсэн бөгөөд хэргийг үйлдсэн этгээдийг тогтоохоор шалгалт явуулж байна. Одоогоор ямар нэг бүлэглэл хариуцлага хүлээгээгүй байна.

Аюулгүй байдлын шинжээчид уг дэлбэрэлтийг Францын Ерөнхийлөгчийн цувааг чиглэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа ч Сирийн тал дэлбэрэлт Макроны хамгаалалтын бүсээс гадна болсон, түүний байрласан газар болон айлчлалын хөтөлбөрт шууд аюул учруулаагүй гэж мэдэгджээ. Францын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Макрон Сирийн Ерөнхийлөгч Ахмед аш-Шараатай хийх уулзалтадаа аюулгүй хүрэлцэн очсон гэж мэдээлсэн байна.

Макрон нь 2024 онд Башар аль-Ассадын засаглал нуран унаснаас хойш Сирид айлчилж буй Европын анхны төрийн тэргүүн юм. Түүний айлчлалын үеэр Сирийн сэргээн босголт, эдийн засаг, банк, тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ