
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам өнөөдөр буриад сурын хараагаар үргэлжилж байна.
Үндэсний сурын харваа нь ойролцоогоор 2000 жилийн түүхтэй бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай. Тухайлбал “Харвааны үе” хэмээх наадамд мэргэ, шил, ноён, баатар, далд, шувтарга гэсэн үеүд байх агаад үе тус бүрд дөрвөн харваач зэрэг дэв, цолын эрэмбээрээ оролцоно. Жишээ нь, мэргэ үед зөвхөн алдар цуутай мэргэн харваачид өрсөлддөг бол далд үед харьж яваа, шувтарга үед удахгүй цахиур хагалах ирээдүйн аваргуудыг өрсөлдүүлдэг журамтай. Он цагийн уртад өргөжин тэлж, улам боловсронгуй болсон сур харваа нь цуваа, багийн, холч зэрэг төрөлтэй байсан бөгөөд өдгөө халх, урианхай, буриад гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдах болжээ.
Урианхай, буриад харваанд зөвхөн эрчүүд оролцдогоороо онцлогтой.
Буриад сурын харвааны байны сур нь бортого хэлбэртэй, 8х10 сантиметр хэмжээтэй байна. Сурын талбайг засахдаа эхлээд сураа нэг эгнээ цувуулан өрөөд, түүнээс 2.2 метр зайтай зурхай татаж харвадаг. Буриад харвааны нум сум нь багагүй онцлогтой. Тодруулбал, нумаа эртнээс эвэр элэгтэй хийдэг байсан буриадууд их бие болон сумаа ихэвчлэн хулсаар хийдэг заншилтай байв. Ихэнх нутагт нумын элгийг хайнагийн эврээр хийдэг бол цөөн хэсэг нь буга, хандгайн эвэр ашигладаг байжээ. Түүнчлэн нумыг харваачийн биеийн өндөртэй холбоотойгоор янз бүрийн урттай хийж, их болон бага гарын гэж ангилдаг.