Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-07-08
Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь FAO-гийн төсөл, хөтөлбөрүүдийн уялдааг сайжруулахаар санал солилцов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Дяог хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагаа болон цаашдын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат FAO нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологийн чадавхыг бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчны тогтвортой менежментийг хөгжүүлэх чиглэлээр олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн чухал хөгжлийн түнш болохыг онцлов.

Тэрбээр энэ онд анх удаа хамтран зохион байгуулсан “Хөрөнгө оруулалтын форум-2026” нь салбарын хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал алхам болсныг тэмдэглэлээ. Цаашид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, шинэ боломжуудыг хамтран бий болгоход идэвхтэй ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Уулзалтын үеэр FAO-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй мөөгний үйлдвэрлэл, зөгийн аж ахуй, хөрсний тогтвортой менежмент, хүнсний аюулгүй байдал, экосистемийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг олон чиглэлийн төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв.

Мөн 2027 оноос хэрэгжиж эхлэхээр төлөвлөж буй GEF-9 төслийн хүрээнд олгогдох санхүүжилтийг салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан үр ашигтай ашиглах, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон санхүүжилтийн зохистой хуваарилалтыг хангахад FAO-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэсэн байна.

Түүнчлэн “Нутагтаа эзэн 100:1000” төсөл, “Эрүүл мал” хөтөлбөрийг НҮБ-ын ХХААБ-ын төслүүдтэй уялдуулах талаар санал солилцов. Мөн сайд Ц.Идэрбат Италийн Ром хотод ирэх 10 дугаар сард FAO-оос зохион байгуулах “Дэлхийн хүнсний өдөр”-ийн арга хэмжээнд ач холбогдол өгч оролцоно гэдгээ илэрхийллээ.

“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд Монгол Улсад “Малчид, фермерүүдийг чадавхжуулах сургалтын төв” байгуулах талаар мөн ярилцсан байна. Тус төвийг байгуулахтай холбоотой Монголын талаас хүргүүлсэн саналд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ НҮБ-ын ХХААБ-аас мэдэгджээ.

Уулзалтын төгсгөлд талууд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, үр өгөөжийг нэмэгдүүлж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн ажиллахаар санал нэгдэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ