
АНУ-ын арми Ираны өмнөд хэсэгт цохилт өгч эхэлснээ мэдэгдлээ. Энэ нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан гурван худалдааны хөлөг онгоц халдлагад өртсөнтэй холбоотой гэж АНУ-ын тал тайлбарлаж байна.
Ал-Жазирагийн мэдээлснээр, АНУ Ираны Сирик, Кешм арал болон Бандар-Аббас орчимд цохилт өгсөн бөгөөд Ираны хэвлэлүүд эдгээр бүсэд дэлбэрэлт сонсогдсон талаар мэдээлжээ.
АНУ-ын тал Ираныг Ормузын хоолой дахь худалдааны хөлөг онгоцууд руу халдсан гэж буруутгаж, уг үйлдлийг гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж мэдэгдсэн байна. Харин Ираны тал АНУ-ын цохилтыг түр тохиролцоог зөрчсөн үйлдэл хэмээн эсэргүүцжээ.
Мөн АНУ Иранд нефть худалдах боломж олгож байсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Энэ шийдвэр болон цэргийн цохилтын дараа дэлхийн нефтийн зах зээлд үнэ өсөх хандлага ажиглагджээ.
Одоогоор нөхцөл байдал тогтворгүй хэвээр байгаа бөгөөд Ормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний тээврийн чухал гарц учраас мөргөлдөөн цааш даамжирвал олон улсын тээвэр, нефтийн нийлүүлэлтэд нөлөөлөх эрсдэлтэй байна.