Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-07-08
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн ажлуудыг танилцууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд эхний 100 хоногт хэрэгжүүлсэн ажлын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Энэхүү санаачилга нь иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд учирч буй хүндрэл, саадыг бууруулж, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай болгоход чиглэж байгаа юм.

Санаачилгын хүрээнд иргэдийг чанаргүй эмийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори”-ийг ашиглалтад оруулжээ. Ингэснээр жилд 4000–5000 дээжид олон улсын стандартын дагуу чанарын шинжилгээ хийх хүчин чадал бүрдэж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг эх орондоо баталгаажуулах боломжтой болсон байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлттэй олгодог өргөн хэрэглээний эмүүдийг тус лабораторид чанарын шинжилгээнд үе шаттайгаар хамруулж байна. Эхний ээлжид 131 нэр төрлийн эмийг шинжлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 23 нэр төрлийн эмийг шинжилгээнд хамруулаад байна.

Түүнчлэн өрхийн эмч нарыг тайлангийн ачааллаас чөлөөлж, цахим шилжилтийг эрчимжүүлжээ. Өрхийн эмч нар 38 төрлийн тайлан боловсруулах ажлаас чөлөөлөгдсөнөөр давхар бүртгэл, гар ажиллагаа эрс буурч, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээндээ илүү цаг зарцуулах боломж бүрдсэн байна.

Эрүүл мэндийн салбар мөн нэгдсэн цалингийн тогтолцоонд шилжжээ. Ингэснээр салбарын 36 мянган эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс 50 хүртэл хувиар нэмэгдсэн байна.

Лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төвлөрлийг сааруулж, иргэдийн хүлээгдлийг бууруулах зорилгоор санхүүжилтийг 81 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Мөн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг 153 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Үүнээс гадна анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх хүрээнд цахимжуулалтыг өргөжүүлж, хаалга баригчийн тогтолцоог боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлж байгаа аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ