
Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойг тэмдэглэх хүрээнд Бельгийн нийслэл Брюссель хотноо байрлах алдарт Маннекен-Пис хөшөөнд хүндэтгэл үзүүлж, монгол үндэсний дээл өмсүүлэх арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн газрын дарга Уиллиам Ассельборн, Брюссель хотын хүндэт дэд дарга Ахмед Ел Ктиби нар оролцов.
Мөн 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны байранд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав. Тус арга хэмжээнд Бельги Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ёслолын газрын захирал, Элчин сайд Пьер Картювелс, Бельгийн Хаант Улсын Дээд шүүхийн Нэгдүгээр Ерөнхийлөгч Эрик де Формануар, хүндэт зочноор Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөлөл оролцлоо.
Элчин сайд Пьер Картювелс хэлсэн үгэндээ Монгол, Бельгийн харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд улам идэвхжиж байгааг онцолж, хоёр орны ололт амжилтыг цаашид улам бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Бельги Улсад суугаа гадаад улсын Элчин сайд нар, Элчин сайдын яамдын ажилтнууд зэрэг 70 орчим төлөөлөгч оролцож, хоёр орны болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ойн арга хэмжээний хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Брюссель хотноо үйл ажиллагаа явуулж буй монголын төрийн бус байгууллагууд анхны “Нүүдэлчин” фестивалийг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас бүх талын дэмжлэг үзүүлэв.
Фестивалийг нээж Элчин сайд Л.Болд үг хэлсэн бөгөөд тэрбээр монголын соёл, урлаг, уламжлалыг олон улсад сурталчлан таниулах, мөн гадаадад амьдарч буй өсвөр үеийнхэнд өв соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлогын газрын дарга Б.Урьболд тэргүүтэй төлөөлөгчид фестивальд оролцож, баяр хүргэн нээлтийн үг хэлэв.
Фестивалийн үеэр бөхийн барилдаан, шагай харваа зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд ардын болон орчин үеийн дуу, бүжиг, хүүхдүүдэд зориулсан наадгай зэрэг олон төрлийн арга хэмжээ болж, Монголын соёл, уламжлалыг Брюссель хотноо сурталчиллаа.