Иргэдийн анхааралд !
АНУ-ын Зүүн болон Төвийн бүс нутгийг хамарсан хүчтэй халалтын давалгаа үргэлжилж байна. Вашингтон ДиСи, Мэрилэнд, Виржиниа мужуудад агаарын температур 38–41°C (100–106°F) хүрч, мэдрэгдэх халуун зарим газарт 43°C (110°F)-аас дээш байх төлөвтэй байна.
Цаг уурын байгууллагуудын мэдээлснээр энэхүү халалтын давалгаа нь сүүлийн жилүүдэд тохиож буй хамгийн хүчтэй үзэгдлүүдийн нэг бөгөөд халуунаас шалтгаалах эрүүл мэндийн эрсдэл өндөр түвшинд хүрээд байна.
Иймд тус бүс нутагт оршин суугаа Монгол иргэд Та бүхнийг дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.
- Өдрийн 11:00–17:00 цагийн хооронд аль болох гадаа удаан хугацаагаар байхгүй байх;
- Ус болон бусад шингэнийг тогтмол хэрэглэж, биеийн шингэний дутагдалд орохоос сэргийлэх;
- Хүүхэд, өндөр настан болон тэжээвэр амьтдыг халуун орчинд удаан байлгахгүй байх, автомашинд ганцааранг нь үлдээхгүй байх;
- Архаг хууч өвчтэй иргэд, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэд, өндөр настнуудын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах;
- Халуунаас үүдэлтэй толгой эргэх, ухаан балартах, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай сэрүүн орчинд шилжин, шаардлагатай тохиолдолд 911 дугаарын түргэн тусламжид хандах.
Мөн АНУ-ын Тусгаар тогтнолын баярын (7 дугаар сарын 4) өдрүүдэд олон нийтийн арга хэмжээ өргөн хүрээнд зохион байгуулагдах тул гадаа удаан хугацаагаар байх, нарны шууд тусгалд хэт удаан өртөхөөс зайлсхийж, тогтмол сүүдэртэй эсвэл агааржуулалттай орчинд амарч, шингэнээ нөхөн, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна.
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.