
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжилж, АНУ-ын иргэдэд эрх мэдлээ хэрэгжүүлэх аливаа оролдлогыг тус улсын бүрэн эрхт байдалд халдсан үйлдэл гэж үзнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Томоко Аканэд илгээсэн захидалдаа дурдсан байна.
Тус захидлыг зургаадугаар сарын 29-ний өдөр огноолсон бөгөөд олон нийтэд долоодугаар сарын 2-нд ил болгожээ. Захидалд АНУ Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нэгдээгүй тул тус шүүхийн харьяалалд хамаарахгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Гэхдээ шүүмжлэгчдийн үзэж буйгаар, Ромын дүрэмд нэгдсэн улс орнуудын нутаг дэвсгэрт АНУ-ын иргэдийн үйлдсэн байж болзошгүй хэрэг нь Олон улсын эрүүгийн шүүхийн шалгалтад өртөх үндэслэл болж болзошгүй юм. АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намын үе үеийн засаг захиргаа АНУ-ын иргэдийг хамарсан мөрдөн шалгах ажиллагааг эсэргүүцэж ирсэн ч Трампын засаг захиргаа тус шүүхийн эсрэг илүү хатуу байр суурь баримталж байна.
Трампын засаг захиргаа өмнө нь Олон улсын эрүүгийн шүүх болон түүний прокуроруудын эсрэг хориг арга хэмжээ авч байсан. Мөн АНУ-ын иргэд болон холбоотнуудтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байгууллагуудыг ч хоригт хамруулах арга хэмжээ авсан гэж Al Jazeera мэдээлжээ.
2024 оны арваннэгдүгээр сард Олон улсын эрүүгийн шүүх Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Израилын Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант нарт Газын дайны үеийн дайны гэмт хэрэгтэй холбоотой баривчлах захирамж гаргасан. Мөн ХАМАС-ын хэд хэдэн удирдах албан тушаалтанд баривчлах захирамж гаргасан ч тэдний зарим нь амь үрэгдсэн байна. Израил улс Ромын дүрэмд нэгдээгүй бөгөөд шүүхийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин Палестин уг дүрэмд нэгдсэн байдаг.
Тодд Бланш захидалдаа Олон улсын эрүүгийн шүүхийг мөрдөн шалгах ажиллагаагаа хууль зүйн үндэслэлээс гадна улс төрийн дарамт, байгууллагын ашиг сонирхолд тулгуурлан явуулж байна гэж буруутгасан байна. Тэрбээр тус шүүх АНУ-ын иргэдийг дэлхийн аль ч хэсэгт мөрдөн шалгах эрхгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ.
Олон улсын эрүүгийн шүүх уг захидалд шууд хариу өгөөгүй байна. Гэхдээ тус шүүх өмнө нь өөрийн мөрдөн шалгах ажиллагааг хамгаалж, хууль зүйн бүрэн эрхийн хүрээнд ажиллаж буйгаа мэдэгдэж ирсэн юм.
Энэхүү захидал нь Олон улсын эрүүгийн шүүхийн гурван шүүгч АНУ-ын хориг арга хэмжээний эсрэг Нью-Йоркийн Манхэттэн дэх холбооны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нийтэд ил болсон байна. Шүүгчид АНУ-ын хоригийг шүүхэд гаднын дарамт үзүүлэх, шүүгчдийг шийтгэх, албадах зорилготой гэж үзэж байгаа аж.