
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 24-нд "Fox News" телевизэд өгсөн ярилцлагадаа, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (ОУАЭХА)-ийн Ираны цөмийн байгууламжуудад хийх шалгалтын ажиллагаанд АНУ-ын мэргэжилтнүүд оролцоно гэж мэдэгджээ.
Ираны тал халдлагад өртсөн цөмийн байгууламжуудад ОУАЭХА-гийн шалгалтын багийг нэвтрүүлэх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсэнтэй холбогдуулан Д.Трамп, "Тэд эхлээд тохиролцоонд хүрч, бичгээр баталгаажуулна. Дараа нь амласнаасаа няцаж, ийм зүйл болоогүй мэт ярьдаг" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр мөн "Тэд аль хэдийн зөвшөөрсөн. Шалгалтын ажилтнуудыг оруулахыг зөвшөөрсөн" гэж мэдэгдсэн ч шалгалтын багийг нэн даруй Иранд илгээх гэж яарахгүй гэдгээ онцолжээ.
Харин Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади мөн өдөр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, халдлагад өртсөн цөмийн байгууламж болон цөмийн материалд хийх шалгалтын асуудлыг зөвхөн эцсийн хэлэлцээрийн хүрээнд авч үзэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрбээр нөгөө тал Ираны эсрэг авсан бүх хориг арга хэмжээг бодитоор цуцалсан нөхцөлд л уг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж мэдэгджээ.