АНУ-ын томоохон хотуудын захирагчийн сонгуульд ардчилсан социалист чиг баримжаатай нэр дэвшигчдийн нөлөө нэмэгдэж байгааг Associated Press агентлаг онцолжээ.
Вашингтон хотын зөвлөлийн гишүүн Жанис Льюис Жорж тус хотын Ардчилсан намын анхан шатны сонгуульд ялалт байгуулж, арваннэгдүгээр сард болох ерөнхий сонгуульд өрсөлдөхөөр болсон байна. Тэрээр хүүхэд асрах үйлчилгээний дэмжлэг, орон сууц худалдан авагчдад үзүүлэх тусламж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон нийтийн хөтөлбөр зэрэг нийгмийн чиглэлийн бодлого дэвшүүлжээ.
AP-ийн мэдээлснээр, Жанис Льюис Жоржийн ялалт нь Вашингтон хотод сүүлийн 25 жил давамгайлсан төвийн чиг баримжаатай удирдлагын бодлогоос өөр чиглэл рүү шилжиж болзошгүйг харуулж байна.
Түүнчлэн Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани, Сиэтл хотын захирагч Кэти Уилсон, Лос Анжелес хотын сонгуулийн хоёр дахь шатанд шалгарсан Нитя Раман зэрэг улстөрчид мөн ардчилсан социалист чиг баримжаатай хүмүүсийн тоонд багтаж байна.
Эдгээр нэр дэвшигч нь АНУ-ын Ардчилсан социалистуудын байгууллагын гишүүд бөгөөд тус байгууллагын гишүүнчлэл сүүлийн арван жилд хэдэн мянгаас 100 мянга гаруй болж өссөн гэж AP мэдээлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, хотуудын сонгогчид өндөр өртөгтэй амьдрал, орон сууцны хүртээмж, төрийн үйлчилгээ, Дональд Трампын засаг захиргааны бодлоготой холбоотой асуудлаар илүү эрс шинэчлэл хүсэж байгаа нь зүүний чиглэлийн нэр дэвшигчдэд боломж олгож байна.
Гэхдээ энэ хандлага АНУ-ын үндэсний хэмжээний улс төрд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна. Зарим хотод төвийн болон дунд байр суурьтай нэр дэвшигчид ялалт байгуулсаар байгаа бол дэвшилтэт чиглэлийн улстөрчид төсөв, цагаачлал, нийтийн аюулгүй байдал зэрэг асуудлаар шүүмжлэлтэй тулгарч буйг AP тэмдэглэжээ.