
Энэтхэг улсын Уттар Прадеш мужид хэрэгжсэн хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг болох Ганга хурдны зам энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр албан ёсоор ашиглалтад орлоо.
594 километр урттай тус хурдны зам нь Меерут хотоос Праяграж хот хүртэл үргэлжлэх бөгөөд мужийн 12 дүүрэг, 500 гаруй сууринг холбож байгаа юм.
Нийт 36 мянга гаруй крор рупийн буюу ойролцоогоор 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү төсөл нь Энэтхэгийн хамгийн том "ногоон талбайн" буюу шинээр төлөвлөж байгуулсан хурдны замын нэгт тооцогдож байна.
Шинэ зам ашиглалтад орсноор Меерут болон Праяграж хотуудын хооронд зорчих хугацаа өмнө нь 10-12 цаг байсан бол ойролцоогоор 6 цаг болж буурах аж.
Мөн цагт 120 километр хүртэлх хурдтай зорчих боломжтой бөгөөд ачаа тээвэр, логистикийн урсгалыг эрчимжүүлж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихээр төлөвлөжээ.