Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-06-08
Ц.Идэрбат :"САТ 1" шүлхий өвчний вакциныг ОХУ-аас авна

Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг болон Баян-Өлгий аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан.

Ховд аймгийн Булган, Үенч суманд өчигдрийн байдлаар өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо 411 хүрсэн бөгөөд  318 малыг устгалд оруулсан талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлсэн.  

"САТ-1" хэвшлийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор эмчлэх боломжгүй урьдчилан сэргийлэх вакцин байхгүй байгаа учраас халдвар гарсан аймаг сумуудад хорио цээрийн дэлгэм тогтоож, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч байгаа.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “7 төрлийн шүлхий өвчнөөс “О” хэвшил болон “А” хэлбэрийн шүлхий өвчин Монголд гардаг. Гэтэл өнгөрсөн тавдугаар сарын 22-наас САТ-1 гэдэг шүлхийн өвчин гарсан.  Монгол улсад өмнө нь гарч байгаагүй “САТ-1” гэсэн шүлхий өвчин Баян-Өлгий аймгийн хил дагуу сумуудад гарсан байгаа. Мөн Ховд аймагт гарсан байгаа.  САТ-1 шүлхийгээс урьдчилан сэргийлж, хөл хорио, устгал, дархлаажуулалт хийж сэргийлнэ. САТ-1 вакцины асуудал дэлхийд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Иймээс УОК, Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулж САТ-1 вакциныг худалдан авах  ажлыг зохион байгуулж байгаа. САТ-1 вакциныг хоёр улсад үйлдвэрлэгдэг учраас дараалал хүлээлт их байдаг юм байна. Иймээс бид нөхцөл байдлаа хүндрүүлэхгүй тулд  ОХУ-аас вакцин худалдаж авах  ажлыг хурдан  болгох тал дээр ажиллаж байгаа. Өнөөдөр хоёр улсын хооронд вакцин худалдаж авах гэрээ байгуулах ажлаа эхлүүлж байна.

Харин Төв, Өвөрхангай аймгуудад урьдчилан сэргийлэх тарилга хийгдсэн үхрүүдэд “О” хэвшлийн шүлхий өвчин гарсан. Үүнийг САТ-1 шүлхий өвчин гарсан гэж андуураад байна. "О" хэвшлийн шүлхий өвчний вакцин хийсний дараа өвчин гарсан асуудал дээр хариуцлагын асуудал яригдана. Улсын төсвөөс жил бүр мөнгө гаргаж нийтээр вакцинжуулдаг. Вакцины үнээс гадна вакцины тарилгын хөлсний асуудал, томилолтын мөнгөний асуудал гэх мэт маш олон зүйлүүд байдаг. Гэтэл тарилга хийгдэж дууссаны дараа өвчин гараад байдаг гэдэг чинь хаанаа хариуцлага алдав гэдэг дээр Мал эмнэлгийн ерөнхий газрынхан ажиллаж байна. Вакцины чанарын асуудал, вакцин тарьсан уу, тариагүй гэдэг асуудал яригдана. Одоогийн байдлаар “О” хэвшлийн шүлхий өвчин Төв, Өвөрхангай, Дорнод аймагт гарсан байгаа” гэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ