
Дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, сум, аймгийн түвшинд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, үхрийн ширийг стандартын дагуу бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх хөтөлбөрийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр Ажлын хэсэг байгуулагдаад байна.
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, түүхий эдийн гэмтлийн түвшин, бэлтгэлийн боломж зэргийг харгалзан эхний ээлжид зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас хаягдаад байгаа үхрийн шир, Хөвсгөл, Архангай аймгаас хонины нэхий бэлтгэх саналыг боловсруулжээ.
Энэ ажлыг амжилттай хэрэгжүүлбэл зүүн бүсийн аймгуудын үхрийн шир, Хөвсгөл, Архангай аймгийн хонины нэхийг 6-10 дугаар сард арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх бүрэн боломжтой.
Үүний тулд мал нядалгааны төвүүд, малчид, хоршоод, арьс ширний үйлдвэрүүдийн нягт хамтын ажиллагаа маш чухал болохыг Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөгчид онцоллоо.
Сайд Ц.Идэрбат “Цагаан алт” хөдөлгөөний арьс ширний салбарт тусгасан зорилтуудыг хангах хүрээнд Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоог ХХААХҮЯ-тай дараах чиглэлээр хамтран ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:
- Адуу, сарлаг, ямаа, хонины арьс ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд мал эмнэлгийн үйлчилгээ, түүхий эдийн анхан шатны тордолтыг жил бүр сайжруулах чиглэлээр төлөвлөгөөн гарган ажиллах, судалгаа, хөгжүүлэлт хийх;
- Судалгааны үр дүнд тулгуурлан үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх;
- Сонгогдсон 5 бүс дэх ажлын үр дүнг олон нийтэд зөв таниулж, бусад аймаг, орон нутагт зах зээлд эрэлттэй түүхий эдийг стандартын дагуу бэлтгэх ажлыг зохион байгуулах;
- Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг холбох;
- Хоршоод болон түүхий эд бэлтгэгчдийг зохион байгуулалтад оруулж, чадавхжуулах;
- Үндэсний үйлдвэрүүдийн ашигт ажиллагааг нэмэгдүүлж, боловсруулалтын түвшинг өсгөх чиглэлээр бизнесийн орчныг сайжруулах;
- Дотоодын зах зээлийг хамгаалж, гадаад зах зээлд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлохыг тус тус үүрэг чиглэл болгов.
Эдгээр салбарын цогц арга хэмжээтэй холбоотой тооцоо, судалгаа, төлөвлөгөөний хэрэгжилтийг мэргэжлийн түвшинд хийж, гүйцэтгэн ажиллахыг сайд чиглэл болгов.