Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-05-26
Алслагдсан орон нутгийн иргэдийг найдвартай эрчим хүчээр хангахад анхаарна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн (UNICEF) суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр суурин төлөөлөгч Биате Дастелын зүгээс алслагдсан орон нутаг дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн байгууллагыг чанартай эрчим хүчээр хангах нь чухал тул энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдаад, “Шинэ инновац нэвтрүүлсэн жишиг төсөл хэрэгжүүлэхийг сонирхож байгаа. Ялангуяа сэргээгдэх эх үүсвэр нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагын дулааны эх үүсвэр болох боломжтой гэж үзэж байгаа” хэмээв. Тус байгууллагаас орон нутагт хэрэгжүүлсэн төслүүдийнхээ туршлагыг хуваалцаж, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Салбарын сайдын зүгээс эрчим хүчний шинэчлэлийн бодлого, хэрэгжүүлж эхэлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгөв. Сайд Б.Найдалаа “Монгол Улсын онцлогийг харгалзан нэн түрүүнд тархмал эх үүсвэртэй болж, алслагдсан орон нутаг дахь иргэдийг бие даасан, чанартай эрчим хүчээр хангах шаардлага бий. Эрчим хүч нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалтай шууд холбоотой суурь үйлчилгээ, амьдралын чанарт нөлөөлдөг тул аймаг, сум гээд хүн хаана амьдарч байна тэнд чанартай эх үүсвэрээр хангах нь чухал. Үүний тулд сэргээгдэх эрчим хүч, шинэ технологи, шийдэл хэрэгтэй. Эрчим хүчний салбарт зохицуулалтын туршилтын орчин нэвтрүүлэх нь хэрэгжүүлэхээр зорьж буй есөн гол ажлын нэг. Холбогдох журмыг баталж, ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ нь шинэ технологийг богино хугацаанд нэвтрүүлэхэд ач холбогдолтой” хэмээн тодотгов. Мөн НҮБ-ын Хүүхдийн сантай бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Эрчим хүчний сайдын шийдвэрээр хүчдэлийн уналттай, хангамжийн чанар муу сум суурин газруудын цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрт тулгуурлан шийдвэрлэх зорилготой ажлын хэсэг байгуулаад буй. Эл санаачилгын хүрээнд орон нутгийн эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх, импортын болон дизель түлшний хамаарал, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулахыг зорьж байна.

Ташрамд дурдахад, НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсад хүүхдийн эрх, эрүүл мэнд, боловсрол, аюулгүй орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, эрчим хүчний хүртээмжтэй холбоотой асуудалд онцгойлон анхаарч, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ