Цаг агаар
Валютын ханш
Ерөнхийлөгч
2 цаг 12 мин
Монгол, Германы ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн аж үйлдвэр, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай ХБНГУ-ын Thyssenkrupp Uhde компанийн Гүйцэтгэх захирал Михаэль Нойманн, WestGate Advisors компанийн хамтрагч (Partner) Хали Гүнэй, ахлах зөвлөх Ульрих Энде нартай уулзлаа.

Уулзалтаар нүүрсийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн Германы дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, Монгол, Германы ашигт малтмал, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Thyssenkrupp Uhde компани химийн болон бусад төрлийн үйлдвэрийн зураг төсөл, инженерчлэл, барилга угсралт, төслийн цогц шийдэл (EPC)-ийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг. 

Тус компани 1921 онд байгуулагдсан бөгөөд дэлхий даяар 3,000 гаруй химийн болон боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцсон туршлагатай.

Манай улс түүхий эдийг олборлон экспортлохоос гадна боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгалийн баялгийн өгөөжийг өсгөх чухал ач холбогдолтой.

Энэ хүрээнд байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, нөөцийн үр ашигтай хэрэглээг хангасан дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлагатайг уулзалтын үеэр онцоллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ