Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
5 цаг 29 мин
“Олон түвшний уулзвар” төсөл ачаалал өндөр, түгжрэл тогтмол үүсдэг байршлуудад хэрэгжинэ

“Олон түвшний уулзвар” төсөл нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, замын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдийн зорчих хугацааг багасгах, аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм.

Ялангуяа нийслэлийн төвийн болон ачаалал өндөртэй бүсүүдэд олон түвшний уулзвар байгуулснаар гэрлэн дохионы саатал буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэх юм.

Төслийг Баянзүрх дүүргийн Офицеруудын уулзвар, Хан-Уул дүүргийн МИТС-ийн уулзвар, Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар, Хан-Уул дүүргийн Наадамчдын зам дээрх явган хүний гүүрэн байгууламж, мөн Баянзүрх дүүргийн Нарт хотхоны зүүн талд байрлах үерийн далан дээрх гүүрэн байгууламжууд гэсэн таван байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр байршил нь хөдөлгөөний ачаалал хамгийн өндөр, түгжрэл тогтмол үүсдэг байршилд тооцогддог бөгөөд төслийг хэрэгжүүлснээр хотын замын сүлжээний уялдаа холбоо мэдэгдэхүйц сайжрах юм. Одоогийн байдлаар төслийн таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил дууссан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн төвөөр магадлуулсан. Цаашид барилга угсралтын ажлыг үе шаттай эхлүүлэхээр төлөвлөжээ.

Судалгаагаар уг төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурах тооцоо гарсан байна. Мөн түлш зарцуулалт, агаарын бохирдол, хөдөлгөөнд зарцуулах цаг хугацаа багасахын зэрэгцээ эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх юм.

“Олон түвшний уулзвар” төсөл нь зөвхөн замын байгууламж барих ажил бус, нийслэлийн ирээдүйн хөгжлийн суурь болсон орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг бүрдүүлэх, хотын дэд бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт гэж үзэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ