Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-05-11
Дэлхийн анхны “Эко аж үйлдвэрийн парк”

Дани улсын Калундборг хотод байрлах Kalundborg Eco-Industrial Park нь дэлхийн хамгийн анхны бөгөөд хамгийн амжилттай “Эко аж үйлдвэрийн парк” гэж тооцогддог.

Энэхүү төсөл нь үйлдвэрүүд хоорондоо хаягдал, дулаан, ус, эрчим хүчээ харилцан ашиглаж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн систем бүрдүүлснээрээ онцлог юм.

Калундборгийн эко үйлдвэрийн системийн үндэс 1959 онд Аснес цахилгаан станц ашиглалтад орсноор эхэлжээ.

Харин 1972 оноос үйлдвэрүүд хоорондоо илүүдэл хий, уур, хаягдлаа солилцож эхэлснээр “industrial symbiosis” буюу үйлдвэрийн симбиозын анхны загвар бий болсон байна. Энэхүү хамтын ажиллагаа 20 гаруй жилийн турш аажмаар өргөжиж хөгжжээ.  

Өнөөдөр тус парк нь цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, эмийн үйлдвэр, гипсэн хавтангийн үйлдвэр, ус болон хог боловсруулах байгууллагуудыг нэг сүлжээнд холбосон томоохон систем болсон байна. Гол зарчим нь “нэг үйлдвэрийн хаягдал нь нөгөө үйлдвэрийн түүхий эд болдог” хэлхээ юм.

Уг аж үйлдвэрийн парк нь:

Цахилгаан станцын илүүдэл уурыг эм, фермент үйлдвэрлэдэг үйлдвэрүүд ашигладаг.
Хаягдал дулаанаар 3500 гаруй айлыг төвлөрсөн халаалтаар хангадаг
Цахилгаан станцын үнсийг цемент болон замын материал үйлдвэрлэхэд ашигладаг
Хүхэр цэвэршүүлэлтийн явцад гарсан гипсийг барилгын материалд хэрэглэдэг
Үйлдвэрийн дахин боловсруулсан усыг бусад үйлдвэрүүд ашигладаг байна.

Энэхүү системийн үр дүнд жил бүр сая сая куб метр ус хэмнэж, нүүрс болон түүхий эдийн хэрэглээг бууруулан, CO₂ ялгарлыг эрс багасгаж чаджээ.

Судалгаагаар Калундборгийн үйлдвэрийн симбиоз нь олон арван сая ам.долларын эдийн засгийн хэмнэлт бий болгосон гэж үздэг.

Өнөөдөр Калундборг нь дэлхийн олон улсын судлаачид, засгийн газруудын судалдаг “ногоон үйлдвэрлэлийн загвар хот” болж, эко аж үйлдвэрийн парк байгуулах үлгэр жишээ болсоор байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ