2026 оны 4 дүгээр сард Өмнөд Флоридагийн их сургуулийн хоёр докторант оюутан сураггүй болсны дараа холбогдох байгууллагууд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, улмаар уг хэрэг нь хүн амины гэмт хэрэг болохыг тогтоосон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчдын нэгийнх нь цогцос олдсон бөгөөд уг хэрэгт 26 настай Hisham Abugharbieh-ийг сэжигтнээр татан, АНУ-ын эрүүгийн хуульд заасан нэгдүгээр зэргийн хүн амины гэмт хэрэг болон холбогдох бусад зүйл ангиар буруутган шалгаж эхэлжээ.
Прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлсэн баримтад дурдсанаар, сэжигтэн хэрэг гарахаас өмнөх өдрүүдэд ChatGPT чатботоос хүний цогцсыг нуух, устгах, илрэх эрсдэлтэй холбоотой агуулгатай асуултууд удаа дараа асуусан нь тогтоогдсон байна. Тухайлбал, “хүнийг хогийн уутанд хийж, хогийн саванд хаявал яах вэ” зэрэг агуулгатай асуулт тавьж, улмаар “ийм үйлдэл илрэх боломжтой юу” гэсэн байдлаар лавласан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.
Харин чатботын зүгээс эдгээр асуултыг аюултай, эрсдэлтэй агуулгатай болохыг анхааруулсан хариу өгсөн гэж тэмдэглэгдсэн байна. Мөрдөн шалгах байгууллага дээрх чат харилцааны агуулгыг сэжигтний үйлдэл нь урьдчилан төлөвлөгдсөн шинжтэй байж болзошгүйг илтгэх нөхцөл байдлын баримт гэж үзэж байна.
Хэрэгт холбогдуулан OpenAI компанийн бүтээгдэхүүн болох ChatGPT-ийн хэрэглээ, аюулгүй байдлын зохицуулалт, хяналтын асуудалд эрх бүхий байгууллагууд анхаарал хандуулж эхэлсэн байна. Хэдийгээр чатбот нь тухайн асуултад шууд гэмт хэрэг үйлдэх заавар зөвлөгөө өгөөгүй, харин эрсдэлийг анхааруулсан хариу өгсөн гэж үзэж байгаа боловч хэрэглэгчийн асуултын агуулга өөрөө эрүүгийн хэрэгт нотлох баримтын нэг хэсэг болж байгаа нь практикт шинэ асуудал үүсгэж байна.