
Сингапурын "Tuas Nexus" нь хог хаягдал, бохир усны лаг болон эрчим хүчний үйлдвэрлэлийг нэг дор нэгтгэсэн дэлхийн хамгийн дэвшилтэт мега төслүүдийн нэг болж байна.
Тус байгууламж нь өдөрт ойролцоогоор 2,900 тонн ахуйн хог болон 800 тонн лагийг өндөр температурт шатааж боловсруулан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Үүссэн дулааныг дахин ашиглаж лагийг хатаах, үйлдвэрлэлийн процесст ашиглах замаар системийн үр ашгийг нэмэгдүүлдэг байна.
"Tuas Nexus" төслийн төлөвлөлт 2018-2019 онд эхэлж, барилгын ажил 2020 онд албан ёсоор эхэлсэн.
Төсөл нь үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд 2025-2027 оны хооронд бүрэн ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.
Сингапурын “zero waste” бодлогын хүрээнд уг систем нь:
• Хогийг шатааж эрчим хүч гаргах
• Лагийг боловсруулж дулаан эргүүлэн ашиглах
• Үнсийг дахин боловсруулах зэрэг шийдлийг нэг дор хэрэгжүүлж байна.
Тус байгууламж нь ойролцоогоор 200 МВт хүртэл цахилгаан үйлдвэрлэх боломжтой бөгөөд илүүдэл эрчим хүчийг улсын сүлжээнд нийлүүлдэг байна.
"Tuas Nexus" нь зөвхөн хог шатаах байгууламж бус, харин хотын хог хаягдал, ус, эрчим хүчний асуудлыг нэгтгэн шийдэх ирээдүйн дэд бүтцийн загвар болж байна.
Төслийг 5-7 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь өндөр технологийн нэгдсэн систем байгуулахад зайлшгүй шаардлагатай хугацаа гэдгийг харуулж байна.