Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-04-27
Цаг уур гандуу нөхцөлд эх орны нутагшсан сортуудыг сонгож тариалахыг зөвлөж байна

ҮРИЙГ ТАРИАЛАЛТАД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс боловсруулсан тариалангийн төв, зүүн, баруун бүсэд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос, тэжээлийн ургамлын тариалалтад ашиглах технологийн ерөнхий зөвлөмжөөс хэсэгчлэн хүргэж байна.
• Тарих үрийн чанарын стандартын шаардлага хангасан /үрийн цэвэршилт, соёололт, сортын ба хогт хольц, үрийн фракц/ зэрэг үзүүлэлтээр сайн чанарын үрийг сонгон тариалах нь зүйтэй. Тариалсан үрийн чанар муу, үр жигд суугаагүй нөхцөлд сунжирч, соёолсон ургамлын хооронд насны ялгаа гарч, тарианы болц жигд бус болох нь манай орны нөхцөлд түгээмэл тохиолддог хүндрэл юм. Иймд жигд хэмжээ, жинтэй үрийг сонгож ангилан том фракцын үрээр тариалахыг зөвлөж байна.
• Дархан дахь УГТЭШХ-д хийсэн судалгаагаар 1.7 мм түүнээс бага фракцын үрийг тариалалтад ашиглахад тохиромжгүй, 2.0-2.2 мм фракцын үрийг 6 смээс ихгүй гүнд, 2.4 мм-ээс их фракцын үрээр 8 см хүртэл гүнд тариалахад хээрийн цухуйц төдийлөн буурахгүй байгааг анхаарвал зохино. Тариалалтын гүнийг хөрсний чийгээс гадна үрийн том жижигтэй уялдуулан дээрх хязгаарыг харгалзан тариалах нь хээрийн цухуйцыг нэмэгдүүлэх боломжтой.
• Сүүлийн жилүүдэд буудайн өвчлөлт нэмэгдэж гельминтоспориоз, септориоз, альтернариоз, шугаман зэв, хүрэн зэв үндэсний илжрэл зэрэг өвчний тархалт хор хөнөөл ихсэх хандлагатай байна. Иймд тарих үрийг ариутгах, ургамал ургалтын хугацаанд өвчний эсрэг урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй фунгицид цацах нь чухал асуудал болоод байна. Үүнд анхаарах нэг зүйл нь Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн ургамал хамгааллын бодисын улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн бодисыг зааврын дагуу чанд мөрдөн хэрэглэх явдал юм.
• Үрийг нарлуулахдаа агаарын температур +5°С-аас дээш дулаарсан үед үрийг агуулахаас гаргаж өдөр нь 15-30 см зузаантай тараан хутгаж хөдөлгөн 5-7 хоногийн турш нарлуулна. Оройн сэрүүнд үрийг нуруулдан хурааж хонуулах шаардлагатай (Г.Хишигжаргал).

БУУДАЙН ҮР СОРТЫН СОНГОЛТ, ТАРИАЛАХ ХУГАЦАА

Энэ жилийн цаг уурын гандуу нөхцөлд тухайн орон нутагт зохицсон эх орны нутагшсан сортуудыг тариалах, нэн ялангуяа ганд тэсвэртэй сортыг сонгож тариалах чиглэл баримталбал зохино. Тухайлбал тариалангийн төв бүсэд буудайн Дархан-144, Дархан-181, Бурятская-34, Сэлэнгэ, Алтайская-530, Гонец, Лидер-80, Тулунская зори зэрэг дунд оройн болцтой сортуудыг тариалалтын эхний хугацаанд, дунд болцтой Дархан-34, Дархан-74, Арвин /Дархан-166/, Дархан-193, Дархан-212,
Бурятская остистая, Алтайская-75, Алтайская-325, Юнион, Буран зэрэг сортуудыг тариалалтын тохиромжтой хугацаанд, эрт болцтой Халх гол-1, Ирень, Дархан 131, Дархан-160, Дархан-172 сортуудыг тохиромжтой хугацааны сүүл рүү тариалах шаардлагатай. 

Хөрсөнд одоо байгаа нөөц чийг ба 6-р сард орох тунадасыг оновчтой ашиглахын тулд чийг хүрэлцээтэй талбайд 5-р сарын 20-ны дотор, дутагдалтай талбайд тарилтыг сарын сүүлчийн хагаст хийвэл зохино. Буудай, арвай болон хошуу будааг 2.5-3.5 сая ширхэг нормоор тарина.
Хөрсний чийг хангалттай талбайд 5-6 см, дунд юм уу хангалтгүй талбайд 7 8 см гүнд тарина.
Долоодугаар сард ихэнх нутгаар ОЖД-аас сэрүүн байх төлөвтэй байгаа нь тариалан эрхлэгчдэд таатай боломж бүрдэж байна. Учир нь буудайн цэцэглэлт үр тогтолтын үед агаарын дундаж температур 25-26 градус байх нь тохиромжтой бөгөөд үүнээс илүү халсан 1 градус тутамд ургац 10 хувиар буурдаг гэсэн судалгааны дүн бий.
Гуурсанд тариалах эсэхээ талбайн байдлыг харгалзан шийдэх нь зөв.

 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ