
Америкийн реалити шоуны од, бизнес эрхлэгч Кайли Женнер болон түүний ажлын албатай холбоотой шүүхийн маргаан олны анхаарлын төвд орлоо.
Түүний гэрт үйлчлэгчээр ажиллаж байсан Анжелика Эрнандес Васкез нь Лос Анжелес хотын шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажиллах хугацаандаа хөдөлмөрийн мөлжлөг, сэтгэл зүйн дарамтад өртөж байснаа мэдэгджээ.
Васкез нь 2024 оны 9 дүгээр сараас 2025 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллахдаа дараах нөхцөл байдалтай тулгарсан гэж мэдүүлсэн байна.
Түүнийг Эль Сальвадор гаралтай, Католик шашинтай болохыг нь далимдуулан удирдах ажилтнуудын зүгээс аялга, үндэс угсаагаар нь доромжилж, олон нийтийн өмнө доромжлон гутаадаг байсан.
Хамгийн хүнд, бусад ажилчдын хийхээс татгалзсан ажлуудыг түүнд тулган гүйцэтгүүлдэг байсан.
Ажлын байранд айлган сүрдүүлэлт тогтмол явагддаг байснаас гадна, нэг удаагийн маргааны үеэр түүн рүү өлгүүр шидэх зэргээр бие махбодод нь халдсан үйлдэл гарчээ.
Нэхэмжлэлд дурдсанаар, Кайли Женнер өөрөө шууд дарамт үзүүлээгүй ч, удирдлагын баг нь ийм төрлийн зөрчил гаргаж байгааг мэдсээр байж таслан зогсоох арга хэмжээ аваагүй буюу ажил олгогчийн хувиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгагдаж байна.
Түүнчлэн Васкез нь жүжигчин Тимоти Шаламе-ийн гэрт хэсэг хугацаанд ажиллахдаа гэрээт ажлын хөлсөө бүрэн авч чадаагүй гэх санхүүгийн маргааныг нэхэмжлэлдээ хавсаргажээ.
Нэхэмжлэгч цалингийн зөрүү, сэтгэл санааны хохирол болон нөхөн төлбөр шаардаж байгаа бөгөөд Кайли Женнерийн төлөөлөгчид одоогоор албан ёсны тайлбар өгөхөөс татгалзаж байна.